Сахиурын өрөөг тохижуулж, бусдад үлгэр дуурайлал болов

2015 оны 10 сарын 27

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн сахиурын өрөөг тохижуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа. ГССҮТ дотроо хамгийн их ачаалалтай, сахиур олноор цуглардаг газар нь эрчим эмчилгээний тасаг аж. Иймээс "Рапид Вишн" сан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 15 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, сахиуруудын өрөөг тохижуулж өгсөн байна. Өдөртөө 20-40 орчим хүн сахиурын өрөөнд хонож, өвчинтэйгээ тэмцэж буй нэгнээ сахидаг аж. Өмнө нь энэ сахиурын өрөө модон сандлаас өөр тавилгагүй, модон цонхтой тохь муутайхан байжээ. Харин одоо модон сандал, хоёр давхар ор, хувцасны өлгүүр, гутлын шүүгээ, ус цэвэршүүлэгчтэй болсон байв. Энэхүү засварын ажлыг "Рапид Вишн" сангийнхан сарын хугацаанд хийж, өрөөний шалыг сольж, тааз шинээр хийж, ханыг тэгшилж, цонхыг нь вакум болгож тохижуулсан байгаа юм.

Осолд орсон хүүгээ тасралтгүй 24 хоног сахиж суугаа С.Мөнхтогоо гуай ийнхүү сахиурын өрөөг тохижуулж өгсөнд талархлаа илэрхийлж, өөр олон компани, аж ахуйн нэгжүүд нийтийн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон сайн үйлсийн ажлыг зохион байгуулаасай гэж хүссэн юм.

"Рапид Вишн" сангийнхан зөвхөн дээрх сахиурын өрөөг тохижуулаад зогсохгүй ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний дэргэдэх хамгаалах байрыг мөн засварлаж, өрөөний ханыг хүүхэлдэйн баатруудыг зуран чимэглэжээ. Учир нь тус хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд олноор ирдэг гэв.

Энэхүү хамгаалах байранд нэг жилд 600 хүн, өдөрт 3-4 иргэн тогтмол ирж, хорогддог аж. Гэтэл хамгаалах байрын үйл ажиллагаа явуулах буюу тусламж хүссэн хүүхэд, эмэгтэйчүүдээ хооллож, ундлах болоод хувцслахад шаардагдах хөрөнгийг хариуцах эзэн тодорхой байдаггүй гэнэ. Иймээс шаардагдах зүйлсийг гадны тусламжаар зохицуулдаг юм байна. Харин "Рапид Вишн" сангийнхан уг асуудлыг шийдэхийн тулд, шаардагдах санхүүжилтийг босгох төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Мөн бусад аж ахуйн нэгж, компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон нийтийн төлөөх ажилд нэгдэхийг уриалсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна