Гамшиг дагуулсан газар шилгээлт

2015 оны 10 сарын 27

 

 

Даваа гаригт буюу энэ сарын 26-ны өдөр өмнөд Азийн зарим улс орнуудад хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдагсдын тоо 300-г давлаа. Тодруулбал, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэж Пакистан, Афганистан, Энэтхэгт нийт 306 хүн амь үрэгдсэн байна. Афганистаны хойд хэсгийн Талукан хотод газар хөдлөлтийн үеэр дунд сургуулийн сурагчдыг барилгаас гаргах явцад  12 сурагч охин хүмүүсийн хөлд үрэгдэж, амиа алдсан харамсалтай хэрэг ч гарчээ. Одоогийн байдлаар 2000 хүн бэртэж, гэмтэн, 100 гаруй хүн ор сураггүй алга болсон талаар CNN мэдээлэв.

 

Газар хөдлөлтийн голомт Афганистаны Жарм хотын ойролцоо байсан аж. Жарм хотын оршин суугчид голдуу шавар байшинд амьдардаг тул газар хөдлөлтийн чичирхийлэлд ихэнхи нь нурж сүйджээ. Түүнчлэн уулархаг бүс нутагт зам харилцаа муу байдгаас гамшгийн дараах аврах ажиллагаа хүрэхэд хүндрэлтэй байгааг дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Афганистаны мэдээллийн агентлагт мэдээлснээр газар хөдлөлтөнд 4000 айлын сууц нурж сүйдсэн байна. Ийнхүү олон мянган хүн орох оронгүй болж, олон хүнийг амийг авч одлоо.

 

 

Өмнө нь 2005 онд Кашмирын ойролцоо 7.6 магнитудын газар хөдлөлтийг бодвол энэ удаагийнх илүү гүнд /газрын гадаргаас 223 км-ийн гүнд/ болсон аж. 2005 оны газар хөдлөлтөнд 70 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэдгийг  CNN онцолжээ. Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф “AFP” агентлагт “Манай улсад өчигдөр/ орон нутгийн цагаар/ 17.00 цагийн үед хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн. Газар хөдлөлтөөр Пакистаны 400 гаруй иргэн гэмтсэн. Олон хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоог гаргахаар албаныхан ажиллаж байна. Хайбер Пахтунхва мужийн иргэд хамгийн их хохирол амслаа. Тус мужийн нийт барилга, байгууламжийн 60 гаруй хувь нь эвдэрсэн” талаар мэдэгдсэнийг “www.wral.com” дамжуулсан бол Афганистан улс Пакистанаас 10, 20 дахин их хэмжээний хохирол амссан болохыг тус улсын Засгийн газрын тэргүүн хэвлэлийнхэнд мэдээлжээ. Газар хөдлөлтийн талаар Өмнөд Азийн орнуудын төр засгийн удирдлагууд өөр, өөрийнхөө шугамаар эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал, Ашраф Гани ерөнхийлөгч газар хөдлөлтийн дараа өөрийн твиттертээ “Бурхан минь ингээд зогсооч” гэсэн бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Афганистан, Пакистан улсад газар хөдлөлт болж олон хүн амиа алдсанд харамсч байна”  хэмээн жиргэжээ.

Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Тиймээс газар хөдлөлтөд Монгол ч бэлэн байх ёстой. Энэ сарын эхээр гэхэд Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд орших Гүнжийн сүм гэдэг газраас хойш долоон км газарт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт /гүн нь 2км/ болсон билээ. Чичирхийлэл хоёр удаа мэдрэгдсэн бөгөөд 4.2-4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тухайн үед холбогдох газрууд мэдээлж байсан юм. Золоор ямар нэгэн хохирол учраагүй билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы танхимд сонсгол хийж, “Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөл идэвхижиж, хөдлөлийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх болсон" талаар дуулгасан. Тэрбээр "Хамгийн сүүлд буюу 2015 оны аравдугаар сарын 5-нд 15.35 цагийн орчимд Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдөлсөн. Магнитут нь 4.4 балл байсан. Байшинд амьдардаг хүмүүст илүүтэй мэдрэгдсэн. Голомт нь 20-иод км-ийн зайд байжээ. Газар хөдлөлтэй холбоотой асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар 2010 онд хэлэлцэж байсан, улмаар 2012, 2014 онд тус бүр дахин ярилцсан, ажлын хэсэг ажилладаг. Гэхдээ энэ асуудлыг ажил хариуцсан цөөн хүмүүсийн хүрээнд яриад суух нь хангалттай биш үзэж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна