Цахилгааны үнийг нэмэхгүй

2015 оны 10 сарын 27

Монгол Улсын эрчим хүчний салбар сүүлийн гурван жилд тогтмол 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Алдагдлыг бууруулах хамгийн эхний алхам нь хэрэглээний эрчим хүчний үнийг нэмэх байсан. Улмаар өнгөрсөн долдугаар сараас эхлэн цахилгааны үнийг дунджаар 10-13 хувиар нэмсэн юм. Ингэж үнэ, тарифын өөрчлөлт хийснээр тус салбарын алдагдал 10-20 тэрбум төгрөгөөр буурна гэж салбар яам нь төлөвлөжээ. Харин энэ онд багтаж, Төвийн эрчим хүчний систем, Дорнодын эрчим хүчний систем алдагдалгүй ажиллана гэсэн тооцоог ЭХЯ-наас гаргасан аж.

Мөн эрчим  хүч үйлдвэрлэлийг хувийн хэвшилд шиглжүүлэхээр болжээ. Цаашид тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын 30 хүртэлх хувийг арилжаалж, нээлттэй хувьцаат компани болгох нь салбарын алдагдлыг бууруулах бас нэг арга гэж ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ярив. Гэхдээ одоохондоо хувьчлалын ажил нь бэлтгэл шатандаа явж  буй аж. Харин ирэх жилээс хөрөнгийн биржүүд дээр хувьцааг гаргаж эхлэхээр болжээ. Энэ аргачлалаар цаашдаа үе шаттайгаар хувийн  хэвшилд эрчим хүчний салбарыг шилжүүлэх нь зөв алхам гэж салбар яам нь үзэж байна.

Ойрын хугацаанд дахин цахилгааны үнийг нэмэхгүй гэдгээ салбарынхан нь мэдэгдэж байна. Одоогийн эрчим хүчний тарифыг танилцуулвал, Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын сар тутмын нэг кВт цахилгааны чадлын төлбөрийг 9000 төгрөг, энгийн тоолууртай айл, өрхүүдийн сарын хэрэглээний 150КВТ цаг хүртэлх эрчим хүчний үнийг 98.40 төгрөг, 151кВт цаг хүртэл буюу түүнээс дээшхи сарын хэрэглээг 118.20 төгрөгөөр тооцож, хэрэглэгчдээс цахилгаан ашигласан төлбөрийг авч байна.  Харин хоёр тарифт тоолууртай хэрэглэгчийн 06.00-21.00 цаг хооронд ашигласан эрчим хүчийг 104.30 төгрөг, 21.00 цагаас хойш ашигласан шөнийн эрчим хүчийг 77.10 төгрөгөөр бодох бол тоолуургүй хэрэглэгчдийн кВт цагийн хэрэглээг  350 төгрөгөөр тооцон, төлбөрийг бодон авч байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна