“Алтан намар”-ын шилдэг бүтээлүүд шалгарлаа

2015 оны 10 сарын 27

Монголын хөгжмийн зохиолчдын оны шилдгийг шалгаруулдаг “Алтан намар” наадам 34 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 21-нд нээлтээ хийж8 найрхал, хөгжмийн бүтээл, гоцлол болон дан, цөөхүүл хөгжмийн тоглолтоор үргэлжилсэн энэ жилийн наадмын шилдэг бүтээлээс бүрдсэн хүндэтгэлийн тоглолт ням гаригт Улсын филармонид болжээ.

Энэ жилийн наадамд 22 хөгжмийн зохиолч 30 гаруй бүтээлээ сойсноос шилдэг есөн бүтээлийг тоглолтын үеэр хүргэж, төрийн урын санд худалдан авах зургаан бүтээлийг тодруулсан байна. Үүнд, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн “Эвэр бүрээ, үндэсний найрал хөгжимд зориулсан рапсоди”, Ш.Өлзийбаярын “Төгөлдөр хуурын рапсоди”, Б.Батболдын “Чавхдаст хөгжимд зориулсан дөрвөл”, Д.Ариунболдын ятга симфони найрал хөгжимд зориулсан “Ятгын аялгуу”, Э.Доржсүрэн “Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан радсоди”, Б.Энхбаярын “Оршихуйн үнэн” ораторын хоёрдугаар анги багтсан юм. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа гэсэн шалтгаанаар БСУШЯ-наас уг наадамд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй ч олны дэмжлэгээр “Алтан намар”наадам боллоо. Хаалтын тоглолтын үеэр “Үйлдвэрлэл дагнасан сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун ирэх жилийн наадмыг ивээн тэтгэнэ гэдгээ албан ёсоор зарласан нь уран бүтээлчдэд томоохон бэлэг барьсан юм.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Д.Цэдэвийн шүлэг “Алтан намар” дууг Ардын жүжигчин Б.Зангад амилуулсан билээ.

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугиан татрахгүй

Алтан намар он жил улиран дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг ...

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна