Нутгийн багтаа нэгдсэн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Нутгийн багтаа нэгдсэн алдартнууд

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын "А" зэрэглэлийн тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Спортын төв ордонд зохион байгуулсан. Анх удаагаа болсон энэхүү тэмцээнд Булган, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий аймгаас бусад 15 аймгийн багууд оролцсон билээ.

21 аймгийн "Үндэсний цом"-ын анхудгаар тэмцээний аваргаар Дархан-Уул аймгийн баг шалгарсан бол Орхон, Сүхбаатар аймгийн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс Үндэсний супер лигийн 4 хүртэлх тамирчин төрөлх нутгаасаа оролцон тоглохыг зөвшөөрсөн байна. Мөн аймгуудын менежментийг сурталчлахын тулд тухайн аймгаас төрж гарсан спорт, урлагийн одуудыг оролцуулсан бөгөөд ихэвчлэн улсын алдар, цолтой бөхчүүд оролцсон байна. Улсын аваргаас авахуулаад начин, харцага, заан цолтой бөхчүүд тоглолтод оролцож, баг тамирчдаа дэмжсэн юм. Мөн зарим аймгийн багт дуучид, жүжигчид багтсан билээ.

Ингээд өнгөрөгч долоо хоногт сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж, Спортын төв ордон таван өдөр дүүрэн үзэгчтэй байсан Үндэсний цомын “А” зэрэглэлийн тэмцээний алдартнуудыг танилцуулья.


ДАРХАН /Алтан медаль/

Сагсан бөмбөгийн амжилтын арвин түүхтэй, үеийн үед шилдэг сагсан бөмбөгчидтэй хот. Жүдо бөхийн домогт тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар багтсан. Тэрээр энэ үеэр чамгүй сагс тоглодогоо харуулаад авсан.

ОРХОН (Мөнгөн медаль)

Орхон аймгийн багт олон киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа, дуучин Б.Болд нар төрөлх хотынхоо багт нэгдсэн.

31 дугаартай дуучин дуучин Б.Болд

Жүжигчин Б.Батзаяа

 

СҮХБААТАР (ХҮРЭЛ МЕДАЛЬ)

Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нутгийнхаа сагсан бөмбөгчдийг зүрх сэтгэлээрээ дэмжсэн юм. Багийн шидэлтийн тэмцээнд Сүхбаатар аймгийн баг гүйцэтгэлээ 19 секундэд хийж, аваргаар тодорчээ. 

 

ТӨВ (IV байр)

Төв аймгийн багт уран барилдаант заан Б.Батмөнх багтжээ. Тэрбээр уран барилдаант заан гэсэн шиг хөнгөн шингэн, хурдан хөдөлгөөнтэй зүлэг ногоон дэвжээнээ элдэвтэй байдаг шигшээ сагсан бөмбөгийн талбай дээр ч элдэвтэй гэдгээ харуулаад авсан.


ШӨВГИЙН НАЙМД:

УВС

Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат тэргүүтэй Увс аймгийн баг шөвгийн наймд тус тэмцээний дэд аварга Орхон аймгийн багт хожигдсон билээ. Үндэсний аварга, "Альянс Тех Харцагууд"-ын төвийн тоглогч ОУХМ П.Болортулга Увс аймгийн багийн гол ноён нуруу. Увсын залуус хэсэгтээ Ховдын хүчирхэг багийг хожиж, “Дайчин” гэдгээ харуулсан авсан юм.

Шөвгийн наймд: Орхон аймаг -Увс аймаг 83:61

 

ХӨВСГӨЛ

Олон улсууд буюу Тэргүүнүүдийн баг гээд нэрлэхэд ч болохоор байсан. Учир нь тэдэнд Монгол Жордан, Лигийн Тэргүүн тоглогч ОУХМ Ж.Майбаяр, Тэргүүн тоглогч ОУХМ Б.Пүрэвдорж, ОУХМ Г.Наранбаатар, ОУХМ Т.Санчир, ОУХМ М.Отгонмөнх, Залуучуудын шигшээ багийн О.Цэлмэг нарын шилдгүүд багтсан. Хөвсгөл аймгийн харьяат Улсын начин Баянмөнх нутгийнхаа багийг дэмжин мөн өрсөлдсөн юм.

Туршлага+залуучууд+эрч хүч, ур чадвар цогцолсон хүчирхэг баг хэсэгтээ хүндхэн тоглолтуудыг хийж, хожил авч байсан шөвгийн наймд Сүхбаатар аймгийн багт нэмэлт цагт хожигдсон юм.

Шөвгийн найм: Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

АРХАНГАЙ

Архангай аймгийн харьяат алдартнуудаас Монгол Улсын начин, Даншигийн арслан Р.Пүрэвдагва, “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяр нарын алдартнууд багтсан.

Архангай аймгийн баг шөвгийн наймд Төв аймгийн багт 57:65 онооны харьцаагаар хожигдсон юм.

 

ӨМНӨГОВЬ

Өмнөговийн харьяат улсын начин Одбаяр багийнхаа залууст итгэл нэмж хүчин зүтгэсэн.

Тэд шөвгийн наймд Дархан-Уул аймгийн багт хожигдсон юм. (67:71)


БАЯНХОНГОР

Чөлөөт бөхийн нэгэн үеийн Монгол шилдэг тамирчдын нэг Халтмаагийн Баттуул төрөлх нутгийнхаа багт тоглосон. Тэрбээр Чөлөөт бөхийн шилдэг тамирчин, бизнесмэнээс гадна Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ-нд амжилттай оролцдог ухаалаг, дайчин сагсан бөмбөгч.

 

ӨВӨРХАНГАЙ

Оюутан ахуйдаа дээд лигийн Генералууд багт тоглож, сагсан бөмбөгийн спортын мастер цолыг хүртсэн нутгийн хүчит арслан Д.Ганхуяг багийн давуу тал болсон.

Өвөрхангай аймгийн багийн хувьд хэсгээсээ шалгарч чадаагүй.

 

ХЭНТИЙ

Супер лигийн тоглогчгүй Хэнтий аймгийн багт нутгийн залуу арслан Э.Оюунболд тэдэнтэй хамт өрсөлдөх байсан ч Хан-Уулын нэрэмжит барилдаанд бэртэл авсны улмаас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорисон. Арсланг орлож, багийн эзэн ЭБЭГ ХХК-ий захирал Энхбаатар өрсөлдсөн юм.

Хэнтий аймгийн баг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан 21 аймгийн “Б” зэрэглэлийн Үндэсний цомд түрүүлсэн.

СЭЛЭНГЭ

Спрайп лигт оролцдоггүй ч Спрайт лигийн шаггүй тамирчид дээр “Их Өргөө Аравтууд”-ын Батбямба, Хэнтий Чингис Сити багийн Улаанхүү, Даваасамбуу нарын тоглогчид тус багт багтжээ. Хэдэн жилийн өмнө “Спрайт” лигт тоглож, шаггүй сагсан бөмбөгч гэдгээ харуулаад авсан ой тогтоолтын гайхамшгийг дэлхийд гайхуулж яваа Монголын оюун ухааны академийн багш, захирал Х.Хатанбаатар Сэлэнгэ нутгийн уугуул аж. Тэрбээр энэ удаа Сэлэнгийн залуустай нэгдсэн.

ДОРНОГОВЬ

Үе үедээ олон шилдэг сагсан бөмбөгчидтэй Дорноговийн залуусыг Үндэсний шигшээ багт хүчин зүтгэж, Дээд лигийн аварга цолыг хэдэнтээ хүртсэн Ж.Отгондарь дасгалжуулагч  багаа ахалсан. Нутгийн хүчтэн Цацабшир сагсан бөмбөгийнхөө багтай нэгдсэн. Тэдэнд Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг, Үндэсний 2-р шигшээ багийн холбон тоглогч Б.Баярбат, Ригсийн Нямбаяр, Мэндбаяр нар нэгдсэн билээ.

ХОВД

Ховдын хөгжлийн төлөө сангийн залуус сүүлийн 2 жил нутгийнхаа лигийг маш амжилттай зохион байгуулж “Алтайн Аргаль” багаа “Спрайт” лигт өрсөлдүүлж байгаа. Нутгийн уугуул Үндэсний шигшээ баг болон СБЛ Хасын Хүлэгүүд багийн довтлогч, Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч ОУХМ Б.Билгүүн, Альянс Тех Харцага багийн довтлогч ОУХМ Ц.Азбаяр, 2014-2015 оны Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч Мөнхтүвшин, “Хэнтий Чингис Сити” багийн тоглогч Алтансоёмбо зэрэг тоглогчоор хүчээр зузаатгасан тэднийг тэмцээний гол фаворитоор олон сагсан бөмбөг дэмжигчид нэрлэж байсан. Харин тэд хэсгээсээ шалгарч чадаагүй юм.

ЗАВХАН

Өндөр гарьд М.Баяржавхлан нутгийнхаа багт багтсан.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж