Нийслэлийн шилдэг өрхөөр 9 өрх шалгарлаа

2015 оны 10 сарын 27

Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой  хувь нэмрээ оруулсан, хойч үедээ үлгэр жишээ болсон  өрх гэрийг шалгарууллаа. Энэ жилийн нийслэлийн тэргүүний өрхөөр  9 өрх гэр шалгарчээ. Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдийн ихэнх нь өрхийн аж ахуй эрхлэдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн өрхүүд байсан юм. Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суудаг Б.Сүхээ гуайнх өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхлэж ирсэн байна. Хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг  Р.Цогоо гуайнх  амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламж мод бут, жимс хүнсний төрөл бүрийн нарийн ногоо тарих зэргээр өрхийн аж ахуйгаа өргөжүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг Б.Мандалынх нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг, мод үржүүлгийн талбайтай юм байна. Харин Сонгино хайрхан дүүргийн 5-р хороонд амьдардаг В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, 3 үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж ажиллууллсаар иржээ.

Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна