Зугаалдаг хүмүүсийнхээ төсвийг хас гэв

2015 оны 10 сарын 27

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ батлан хамгаалах салбарын хувцас, сургалтын зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргахаар тусгажээ. Нийтдээ 5.3 тэрбум төгрөгийг тус сангаас босгохоор төлөвлөсөн байв. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байлаа.

Эдгээр асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “30 гаруй агентлаг байдгаас хэдхэн нь тусгай чиг үүрэгтэй ажилладаг. Гэтэл Тагнуулын төсвийг танахаар хуульд нь өөрчлөлт оруулахаар оруулж ирж байгааг дэмжихгүй.

Тагнуул гэдэг халаасны хулгайч нарын араас хөөцөлддөг ажил биш, нэг гүйцэтгэх ажлын араас 4-5 жил явдаг. Эмч, багш нарын цалинг хасахаас айгаад оруулж ирээгүй хэрнээ тусгай хүчнийхэн рүү халдаж байна. Энэнийхээ оронд гадаадад амардаг хүмүүсийнхээ төсвийг хас” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд тус байнгын хороонд харьяалагддаг салбарынхныг 10 жилийн хугацаанд зардал нь хэдэн хувиар өссөн бэ гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүсэв.

Батлан хамгаалах яамны холбогдох албаны хүний тайлбараар бол тус салбарын төсөв 2008 онд 89.9 тэрбум, 2015 онд 202.5 тэрбум төгрөг болж, үндсэндээ 10 дахин өссөн байна. Цөмийн энергийн газар нь Ерөнхий сайдын мэдэлд очиж, төсвийг нь энэ онд 1.3 тэрбум төгрөгөөр баталж өгсөн гэх хариултыг тус бүр өгөв.

Улмаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах шатанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээлээ.

Уг нь Сангийн сайд Б.Болор дээрх хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар өргөн мэдүүлсэн нь Тагнуулын байгууллагын төсвийг танана гэсэн үг биш гэдэг тайлбар хийж байсан ч гишүүд Н.Номтойбаяр гишүүний саналыг дэмжсэн.

Мөн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хуульд зааснаар зэвсэгт хүчний хувцас, хоолны зардал төсөвт сууж байх ёстой. Гадны эх үүсвэрт найдах нь эрсдэлтэй. Тийм учраас төсөвт суулгах санал гаргаж байна” гэсэн нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Тус байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ.

Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээг БНСУ, БНХАУ, ОХУ, Канад, Польш, Турк, Куба зэрэг 7 улстай байгуулсан байдаг аж.

Харин ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай ялтан шилжүүлэх асуудлыг дипломат шугамаар дамжуулан тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай болдог бөгөөд ялтан шилжүүлэх талаар аливаа баримт бичиг байгуулаагүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг зарим улстай (тухайлбал АНУ) ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байдаг.

Тиймээс Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орсон улсуудтай тус бүртэй нь ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахын оронд тус конвенцид нэгдэж орох нь ач холбогдолтой гэж үзжээ. Ингэснээр тус конвенцийн гишүүн улсуудтай эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Ийм харилцааг бүрдүүлснээр Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, суралцаж байгаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Герман, Бельги, Ирланд, Филиппин, Америк, Австрали, Япон зэрэг улсуудтай эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцаа бүрдэх аж.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна