Эхнэрээ хувааж эзэмших санал Хятадад шуугиан тарьж байна

2015 оны 10 сарын 27

 

Хятадын Чэцзян их сургуулийн багш Це Зоши улс орныг нөмрөөд байгаа хүйсийн тэнцвэргүй байдлыг засч залруулахын тулд ядуу эрчүүд эхнэрээ хувааж эзэмших ёстой гэсэн санал дэвшүүлсэн нь халуухан маргаан дэгдээгээд байна. Дундад улсад 100 охинд 118 хөвгүүн ногдож байгаа нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгожээ. Хятадууд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Засгийн газраас “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн нь эрэгтэй хүүхдийг илүүд үздэг уламжлалыг улам дэвэргэсэн юм. Хятадын хотуудад амьдралын төвшин дээшлэхийн хэрээр хөдөлгөөн, шилжилт идэвхжиж эмэгтэйчүүд хот руу шилжиж ирэх нь нэмэгдсэнээр тосгон, суурин дахь хүйсийн ялгаа улам их болж байна.

 

Нийгмийн зүтгэлт­нүүд, интернэт хэрэг­лэгчид профессор Це Зошиг яаран буруутгаж, түүнийг завхайрал, хууль бус үйлдэлд ард иргэдийг уруу татлаа хэмээн шүүмжилжээ. Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Цин Сюн эдийн засагч Зошиг хүйсийн дээрэнгүй байдал руу уриалж байна хэмээн мэдэгдэв. “Их сургуулийн эрдэмтнээс гарсан санал нь эрэгтэй хүнийг илүү үзэж, эмэгтэйчүүдийг доромжилж байна. Зөвхөн эрэгтэй хүнийг бодсон шийдвэр л гаргах санаатай байна. Энэ бол инээдтэй, эмгэнэлтэй” хэмээн тэрээр ярилаа.

 

2020 онд Хятадад 30-40 сая гоонь эр байх тооцоо гарч байгаа тул хүн ам зүйн гажигийг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй хэмээн профессор Це үзэж байна. Эрдэмтний хэлж буйгаар, ядуу гоонь эрчүүд Зүүн өмнөд Ази болон Африкийн тогтворгүй эдийн засагтай орнуудын охид, бүсгүйчүүдтэй гэрлэж болох аж. Хятадын олон тариачин хөрш Бирм, Вьетнамаас эхнэр авах моод дэлгэрээд байгаа билээ. Нэг тэрбум илүү хүнтэй Хятад улсын хүн ам зүйн гол бэрхшээл нь шинээр мэндэлж буй хүүхдүүдийн дундах хүйсийн тэнцвэргүй байдал юм. Үүний үндсэн шалтгаан нь эхийн гэдсэн дэх хүүхдийн хүйсийг мэдсэний дараа үр хөндөлт хийлгэж буй явдал ажээ. Хятад гэр бүл уламжлал ёсоор эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг бөгөөд охин хүүхдээс татгалзах нь элбэг байдаг. Тэр тусмаа хөдөө тосгодод үр хөндөлт итгэмээргүй өргөн тархсан аж. 1980-аад оны эцсээр хэт авианы төхөөрөмжийн тусламжтайгаар ирээдүйн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой болсноор үр хөндөлт цэцэглэсэн гэж болно. Өнөөдөр Хятадын хүн ам нэг тэрбум 357 саяд хүрчээ. Хятад дахь хүйсийн тэнцвэргүй байдал засагдах боломжгүй хэмээн зарим эрдэмтэн үзэж байна.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна