Ж.Баатар: Холбооныхоо санхүүг тогтворжуулахыг зорьж байна

2015 оны 10 сарын 27

Сэтгүүлч:
Хэнтий

Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, "Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Ж.Баатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Аймгийн МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаад удаж байна уу?

-Тэргүүлэгчээр ажиллаад дөрвөн жил орчим болж байна. Миний хувьд холбооныхоо санхүү талыг хариуцан ажилладаг юм. Манай Хэнтий аймгийг адуугүйгээр төсөөлөх аргагүй. Тэр утгаараа ах дүүс маань бас хурдан хурц хүлгэдтэй. Би чинь адууны захад өссөн хүн болохоор уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллахдаа дуртай байдаг.

-Холбооны санхүүг хариуцдаг гэлээ. Мэргэжил нөлөөлөөд тэр үү?

-Би СЭЗДС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн. Мэдээж энэ нөлөөлсөн. Сургуулиа төгсөөд “Эрд түмэн” компанийн нягтлан бодогчоор дөрвөн жил, 2000 оноос өнөөдрийг хүртэл аймгийн цагдаагийн газар ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. Цагдаагийн хошууч цолтой.  Ер нь уяачдын холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад мөнгө санхүүгийн асуудал их чухал. Яг үнэндээ өнөөдөр санхүүгийн хувьд тогтворжсон гэж хэлэхэд учир дутагдалтай л байна. Тэгэхээр энийг тодорхой гольдрилд оруулж, санхүүгийн  хувьд тогтворжуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.

-Хэнтий аймагт болж буй уралдаануудыг зохион байгуулахад хичнээн төгрөгийн төсөв гаргадаг юм болоо?

-Аймаг төвдөө хаврын бүсийн наадам, өмнөд, хойд, зүүн, баруун гээд дөрвөн бүсийн наадмыг жил бүр зохион явуулдаг юм. Энд тухайн бүсийг авсан сум орон нутгийн уяачдын холбоонд аймгийн уяачдын холбоо тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ерөнхийдөө жишиг хараад байхад бүсийн наадмын түрүү морьдыг 1-3 сая төгрөгөөр байлна гэж бодохоор бүсийн наадам 15 саяас доошгүй төгрөгний зардал гарах жишээний. Энэ бүхэнд моринд хайртай олны дэмжлэг туслалцаа их тус болдог л доо.

-Таны хувьд морь мал уяж байна уу?

-Миний ээжийн ах Цэрэнбадам гэж багийн дарга хүн байлаа. Бас нэлээдгүй малтай. Тэгээд нагац ах маань надад өөрийн адуу малаас таслан өгч, тэндээс нь би уяж уралдуулах болоод арав гаруй жил болж байна. Гэхдээ өөрөө гардан уяж амжихгүй л байна. Эхнэрийн маань дүү Баянмөнх сумын харьяат, сумын Алдарт уяач Содномын Батзаяа гол ажлыг хийдэг хүн дээ.

-Нагац ах тань ямар угшлын адуутай байсан юм бэ?

-Баянхутагийн Баячуулын хул гэж сайхан хул азарганы угшлын адуутай.  Бас Жигээ, Хөхий адуутай байлаа. Улсын Аварга адуучин Базарсүрэнгийн адуунытүрээс адуу манайд ирж байсан. 1990 онд нэгдэл тарж өмч хувьчлалаар ирсэн адууг түрээс гэж хэлээд байгаа юм л даа. Би өөрөө унаган ганц хоёр адуутай, дээр нь түрээсийн адуу, ахын адуу ирж, хоорондоо холилдоод Баянхутаг төвтэй сайхан адуутай болсон юм.

-Энэ хугацаанд таны нэртэй  хүлгүүд ямар амжилт гаргаад байна вэ?

-Нагац ахтай нийлж 2001 онд нэг үрээ аймгийн наадамд дөрөвлүүллээ. Сумын наадмаас бол гурав дөрвөн айрагтай болоод байгаа. Харин энэ жил /2014 он/ хүрэн морио аймгийн наадмаар айргийн гурваар хурдлууллаа. Хүрэн морь сүүлийн үед сайхан давхиж байгаа. Хаврын бүсийн наадамд тавлаж, Баянхутагийн Босоожамсрангийн “Манлай хүлэгчийн наадам”-д айргийн дөрвөөр хурдлан, намрын “Монгол адууны бахархал” ТББ-ын зохион байгуулсан наадамд аман хүзүүдлээ. Базарсүрэн гээд ахын адууны нэг л дээ. Эцэг нь Лхагваа гэдгийн том халтар азарганы төл байгаа юм. Эх хүрэн гүүг нь би хүнд өгчихсөн юм.

-Адууныхаа цусыг сэлбэж,  наймаа хэр хийж байна даа?

-Өөрийн унаган адуундаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эцэг Лхагваа гэж  хүний адууны гаралтай халтар азарга авлаа. Гарсан төлүүд нь сайн байна. Мөн манай Баянхутаг сумын Алдарт уяач Нацагдоржийн адууны хул азарганы төл хул азаргыг авлаа. Дорноговийн Дэлгэрэхээс Тайж угшилтай нэг хүрэн халзан азарга бий. Дээр нь ганц хоёр Орос гүүнүүд авчирлаа.

-Цэвэр Орос гүү юм уу?

-Тийм ээ, цэвэр Орос будённый үүлдрийн  хоёр гүү байгаа юм. Бас нэг Барга азарга авлаа. Барга азарганы төлүүд  гайгүй давхиад л байна. Төлүүдээс нь бэлгэнд ч өглөө, зарж борлуулсан нь ч бий. Гэхдээ миний хувьд арай тарган уралдуулаад хөл гарыг нь хотойлгочихоод байх юм. Тэрнээс надаас авсан улсууд сайн давхиулаад байна.
Өөрөө аваад зогсохгүй гадагшаа бас ганц нэгийг гаргадаг юм. Өвөрхангай руу би нэлээн хэдийг зарж борлуулсан. Ямартаа ч очсон газраа ороод л байгааг хараад баярладаг.

-Нууц биш бол үнэ ханш нь хэдий орчим байх уу?

-Битүү, бага адуу болохоор нэгээс гурван сая төгрөгний хооронд л өгчихдөг юм.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Таны ажил үйлсэд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна