Аудитын компаниудын орлого гурав дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Аудитын компаниудын орлого гурав дахин өсчээ

Аудитын тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсын хэмжээнд нийт 137 хараат бус аудитын компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн орлого өнгөрсөн оны байдлаар 29.7 тэрбум төгрөгтэй тэнцжээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд орлого нь гурав дахин өссөн байна. Дээрх компанийн 23 нь орон нутагт ажиллаж байгаа бол үлдсэн нь Улаанбаатарт төвлөрчээ. Тоон үзүүлэлтээс ажиглахад аудитын компаниудын орлого тогтмол дүнтэй өссөн байгаа юм.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Ц.Жигдэн үүнийг “Хөгжиж ирсэн 20 жилийн үр дүн” хэмээн тодотголоо. Тэрбээр аудитын компаниуд зах зээлийн багтаамжаа улам нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Бүрдүүлж буй нийт орлогын 60 гаруй хувийг нь Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын дөрвөн компани эзэлж байгаа аж. Тиймээс дотоодын компаниуд хоорондоо нэгдэж нийлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлчилгээгээ төрөлжүүлэх замаар ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжтойг Ц.Жигдэн хэллээ.

Аудитын зах зээл хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээр байна. Үүнийг илтгэх үзүүлэлт бол сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан өөрчлөлт юм. Тодруулбал, энэ хугацаанд 16 компани шинээр бий болжээ. Эдийн засаг агшиж, бизнесийн орчин хумигдах явцад залуу компаниуд мэндэлж, орон зайгаа тэлж амжсан гэсэн үг. Тэдний өмнө төдийгүй аудитын зах зээл дэх хууччуул сорилт, шинэ боломжийн өмнө ирээд байгаа аж. Энэ нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжих эрх зүйн шинэ зохицуулалт гэдгийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн онцоллоо.

Ази, Номхон далайн орнуудын Нягтлан бодогчдын холбооны XIX хурал Сөүл хотноо өнөөдөр эхэлж буй. Дөрвөн жилд нэг удаа болох энэхүү хуралд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон аудитын компанийн захирлуудын төлөөлөл оролцож байгаа юм. Ингээд Аудитын компанийн захирлуудын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын байр суурийг хүргэе. Тэд бэрхшээл, тулгамдсан асуудлаас илүү шинэ боломжийг урьтал болгов. Баасан гарагт болсон “Audit Ceo Summit-2015” зөвлөгөөн анх 2011 онд болж байжээ.

КОМПАНИУД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛСЭН

Ё.Наранбилэг /“Хүлэгт Хүннү Аудит” компанийн ахлах аудитор/
-Аудитын үйл ажиллагааны чанар, үнэ цэнийг өсгөх, үйлчилгээний хүртээмжийг улам сайжруулах шаардлагатай байна. Жилийн орлогын багтаамж нь 30 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхэд компаниуд өөрсдөө илүү зүтгэлтэй, шинэ санаачилгатай ажиллах нь чухал. Ингэснээр олон улсын түвшинд ойртох, шинэ стандарт нэвтрүүлэх, мэргэших боломж, бололцоо гарч ирнэ.

Ёс зүй, чанарын асуудал нь салбарын байнгын сэдэв. Хөгжлийн явцад өөрчлөлт, шинэчлэлт гарсныг үгүйсгэх аргагүй. Эдийн засгийн өнөөгийн хэрэгцээгээ мэдрээд аудитын компаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь олширсон. Энэ нь салбарын давуу тал юм.

АШИГ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Б.Болормаа /Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн/
-Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Шинэ гарсан хуультай холбогдуулж аудитын үйл ажиллагааг зохицуулах журмыг боловсруулж байна. Хуульд бүхий л үйл ажиллагааг нарийн, нэг бүрчлэн зааж өгдөггүй. Харин журмаар үйл ажиллагааг дэлгэрэнгүй байдлаар нэмэлтээр тусгадаг.

Аудит, нягтлан бодох бүртгэлийн салбарынхан мөн адил шинэ хууль эрх зүйн орчинд орж ажиллах бэлтгэлээ одооноос хангаж байна. Аудитын компаниуд хоорондоо нэгдэж нийлэх, олон улсын стандартыг мөрдөж ажиллах, үйлчилгээгээ сайжруулах, нэр төрлөө олшруулах шаардлагатай байгаа нь эхний асуудал.

БУСАД ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА

Г.Алтансүх /“Эрнст энд Янг Монголия Аудит” компанийн гүйцэтгэх захирал/
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд дор бүрнээ зардлаа бууруулж, алдагдал багатай ажиллахыг эрмэлзэж байна. Бидний зүгээс мөн адил зардал хэмнэх үүднээс нэгжийн үнийг хямдруулах арга замыг эрэлхийлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Өнөөгийн нөхцөлд нэгдэж нийлэх, зах зээлдээ тогтож үлдэхийн тулд сахилга батаа сайжруулах нь чухал. Санхүүгийн замбараагүй байдал улс орныг өнөөгийн хүндрэлд хүргэсэн тал бий.

Аудитын төлбөрийг бууруулах, үйлчилгээгээ төрөлжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, татварын болон хөрөнгийн үнэлгээ хийх болсон.

ЗАХ ЗЭЭЛ ХУМИГДАХ БУС ТЭЛЭХ ОРОН ЗАЙ ГАРЛАА

Т.Одончимэг /“Мишээл Од Аудит” компанийн гүйцэтгэх захирал/
-Аудитын салбар шинэ тутам хөгжиж буй. Түүхэн хөгжлийн 20 жилийн хугацаанд цөөнгүй ололт, амжилт гаргалаа. Монголчуудын дунд аудит хэмээх ойлголт нутагшиж, энэ төрлийн үйлчилгээг хэрэглэж сурсан. Салбарын хувьд нэр хүндээ бэхжүүлэх, үйлчилгээгээ улам чанаржуулах, олон улсын түвшинд нийцүүлэхэд хууль эрх зүйн шинэ зохицуулалт томоохон үүрэг гүйцэтгэнэ.

Шинэ орчинд зах зээл хумигдах бус хөгжих боломжтойг манай салбарынхан олж харах нь чухал. Шинэ орчин бусад төрлийн үйлчилгээг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болж, салбар тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Б.БАЯРТОГТОХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж