Засгийн газрын дээр “хурсан үүл” арилжээ

2015 оны 10 сарын 27

З.Энхболд: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой

Бараг хоёр сарын өмнөөс Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга гаргаж, “ангийнхаа нөхөд”-өөс гарын үсэг цуглуулж эхлээд байсан. Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ “Дубайн гэрээ”-г байгуулсан нь Ерөнхий сайдын огцрох шалтгаан хэмээн тэрбээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д урьдчилан мэдэгдэх ёстой байсан хэмээн үзэж байгаа юм.

Огцруулах саналд Г.Уянга гишүүнээс гадна бие даагч гурван гишүүн, “Шударга ёс” эвслийн Л.Цог, О.Баасанхүү, МАН-ын Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар гарын үсгээ зурснаа мэдэгдээд буй. Харин Ардчилсан намаас Р.Амаржаргал анхдагч нь. Г.Уянга гишүүн хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гарын үсэг бүрдэх тун дөхсөн. Ч.Улаан Д.Тэрбишдагва нар… эргэлзээгүй зурна” хэмээн ярьжээ. Мөн Г.Уянгыг дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурна хэмээн мэдэгдсэн гишүүд мэр сэр бий. Гэхдээ болзолтой. Тухайлбал Д.Хаянхярваа Дарханы асуудлаар МАН-ын шаардлагыг хүлээн авахгүй бол гарын үсгээ зурах бол, Ж.Батзандан ““Дубайн гэрээ Засгийн газрын хойдохыг уншихаар гэрээ болжээ. Харамсалтай” хэмээн“ айлгах янзтай.

Эндээс харахад гарын үсгээ зурна, зурахгүй хэмээн мэдэгдэж байгаа гишүүдийн үг өөр өөрийн эрх ашгийн хүрээнд хийж буй богино зайн улс төрөөс хэтрэхгүй бололтой. Д.Хаянхярваа гишүүний илэрхийлсэн байр суурийг МАН-ын бүлгийн дэд даргынх гэхээс илүүтэй, Дарханаас сонгогдсон Их хурлын гишүүний зүгээс хийж буй үйлдэл гэж харахаар.
Тэгвэл ийн Их хурлын намрын чуулган эхэлсэн өдрөөс л өрнөсөн Ерөнхий сайдыг огцруулах операцид Ардчилсан намынхан цэг тавихаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар арваад хоногийн өмнө Ардчилсан намынхан “Их Тэнгэр”-т цуглан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн кабинетыг тогтвортой ажиллуулах талаар тунхаг хүртэл гаргасан байна.

Их тэнгэрийн уулзалтад Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр оролцоотой байсан аж. Мөн Ардчилсан намын фракцын дарга нар, Их хурлын гишүүн, сайдууд гээд өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт тэнд болсон байна. Ардчилсан намынхны албан бус уулзалтаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг сонгууль хүртэл тогтвортой ажиллуулах саналд нэгдсэн байна. Улмаар огцруулах бичигт гарын үсэг зурсан, төсөл парламентад ороод ирвэл дэмжиж кноп дарсан гишүүдтэйгээ улс төрийн хариуцлага тооцохоор болжээ. Улс төрийн хариуцлага гэдэг нь удахгүй болох ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах аж.

Хэдийгээр сөрөг хүчин МАН-ынхан огцруулах бичигт гарын үсэг зурлаа ч, Ерөнхий сайдыг авч үлдэх кнопын олонхи Ардчилсан намд бий. Улсын төсөв санхүү муудсан, ургацаа алдсан, удахгүй өвөл /зуд/ болох гэж байгаа, хамгийн чухал нь энэ бүх хүндрэлүүдийн араас сонгууль залгах гэж байгаа үед Засгийн газраараа оролдох нь огцорсон хийгээд огцруулсан, гуравдугаар ээлжээр хоолонд орсон хэнд ч хожмоо хохиролтой гэдгийг “Их тэнгэр”-ийн цуглаан дээр Ардчилсан намынхан ойлгоод тарсан аж.

Ардчилсан намын генсекийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Огцрох эсэх нь Ч.Сайханбилэгээс өөрөөс нь шалтгаална” хэмээн хэвлэлд ярьснаасаа хэдхэн хоногийн дараа “Засгийн газрыг огцруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй” гэж мэдэгдсэн нь “Их тэнгэр”-ийн цуглааны баталгаа мэт. Мөн Ардчилсан намын дарга З.Энхболд “Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой” хэмээн өдөр тутмын нэгэн сонинд ярьжээ. Энэ бол Засгийн газар дээр хураад байсан хар үүл арилсан гэдгийн нотолгоо биз ээ.

Б.ЭНХЖАРГАЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна