Хөрөнгийн зардлыг 436.4 тэрбумаар бууруулжээ

2015 оны 10 сарын 27

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2015 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ татварын өр төлүүлэх замаар татварын орлогыг 300 гаруй тэрбумаар нэмэгдүүлэхээр тусгаснаа он дуусахаас урьтаж оруулж ирж чадах уу. Чадахгүй бол ямар зардал санхүүжигдэхгүй болох вэ. Ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан зардлын зөрүү хэр байгаа болон орлогын тасралттай холбогдуулан ямар ямар зардлууд танагдсан  талаар тодрууллаа.

Дээрх асуултад Сангийн сайд Б.Болор “300 гаруй тэрбумын татварын өр барагдуулж татварын орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газраас төсвийн тодотголыг өнгөрсөн есдүгээр сарын дундуур боловсруулсан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж татвар гүйцэт хураагдах баталгааг гаргахад хэцүү болоод байна. Гэхдээ төлөвлөсөн орлогыг оруулж ирэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Мөн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед байнгын хороо болон ажлын хэсгээс гаргасан санал, санаачлагыг тусгаад тодотголыг илүү бодит байдлаар төлөвлөх боломжтой. Ханшийн өөрчлөлттэй холбоотой зардлын тухайд зөрүүг тооцож тодотголд өөрчлөлтийг тусгаж өгсөн” гэж хариулав.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Энэ оны төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлогыг 901 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа. Зөрүүлээд орлого дайчлахдаа шатахуун дээр 61,3 тэрбум, таварын өр барагдуулахад 325,4 тэрбум, харин зардал талд нийт урсгал зардлыг 171,3 тэрбум төгрөгөөр бууруулсан. Төсөв тодотгож буйтай холбогдуулан зайлшгүй нэмэгдэх шаардлагатай зардлыг 127,4 тэрбум төгрөгөөр төсөвлөж, хөрөнгийн зардлыг 436,4 тэрбумаар бууруулсан. Энэ бууруулсан хөрөнгө оруулалтын зардалд Хөгжлийн банкнаас санхүүжигдэх хөрөнгө оруулалтыг 350,0 тэрбум төгрөгийн зардлыг хойшлуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 31,5 тэрбум төгрөгөөр хойшлуулсан. Гадаад зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн хөрөнгө оруулалтыг 54,9 тэрбум төгрөгөөр бууруулан тооцсоноор нийт 901,0 тэрбум төгрөгийн орлогын тасалдлыг санхүүжүүлэхээр тооцсон” гэлээ.  

Төсвийн тодотголтой холбоотойгоор дэд хорооны гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна