Баянзүрхчүүд хайрханаа тохижууллаа

2015 оны 10 сарын 27

Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ын тохижилтын ажлын нээлт намрын адаг сарын Шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг найман хийдийн 60 гаруй лам ном хурж, “Баянзүрх хайрхан”-ыг тахисан юм.

Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч С.Гантулга, Т.Батцогт болон хурлын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Ойн хүрээнд “Баянзүрх хайрхан” хүртэлх замыг сайжруулан засч, 1400 метр газарт явган хүний зам, шатыг хийсэн юм. Мөн хайрханы орой хэсэгт 100 хүний ном хурах зориулалтын талбайг хийж, гэрэлтүүлэг, амрах сандал, хогийн савыг байрлуулжээ. Түүнчлэн 50 гаруй авто машины зогсоолыг барьж, борооны ус зайлуулах даланг шийдэж, улиас, хайлаас зэрэг нийт 120 гаруй модыг тарьсан байна.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын хоёр дахь нь “Баянзүрх хайрхан”-ын тохижилтын ажил юм. Цаашид жил бүрийн “Мод тарих өдөр” Баянзүрхчүүд хайрхандаа мод тарьж байхаар боллоо.

“Баянзүрх хайрхан” нь нийслэл хотыг тойрон хүрээлдэг сүлд тахилгат дөрвөн уулын наран ургах зүгт, далайн түвшнөөс 1846 метрт оршдог нохой савдагтай их хайрхан юм. Намсрай бурханы нэг хор буюу дагуул сахиус, газар усны эзэн Цагаан өвгөн оршдог тул эд баялагийг эрхшээж сүлд хийморь, цог жавхааг дэлгэрүүлэн үйлс бүхнийг бүтээдэг хэмээн бэлэгшээж эрт үеэс эхлэн бидний өвөг дээдэс идээ будаа,  цай сүүний дээж, айраг цагаа өргөн тахин шүтэж ирсэн түүхэн уламжлалтай.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна