Хар хотоор алдартай Алшаа чулуугаар алдаршина

2015 оны 10 сарын 28

Энэ оны есдүгээр сарын дундуур Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймгийн төв Баян хотноо нэгэн шинэ музей үүд хаалгаа нээжээ. Энэ музейн нэр Хачин чулууны музей. Шинэхэн музейд Хятад даяарх сонин содон чулуунуудыг татан авчирч төвлөрүүлсэн юм байна. Яваандаа энэ музей Хятадын чулуун үзмэрийн төв болж, жуулчид татах учиртай хэмээн тайлбарлагч бүсгүй хэллээ. Энд содон чамин өнгөтэй, зассан засаагүй гээд л сонирхсон хүн нэг өдөр үзэж барахааргүй их үзмэрийг цуглуулжээ. Чулуугаар хоолны ширээ зассан нь зэрвэс харахад дээд зэрэглэлийн рестораны хүндэт зочиндоо бэлдсэн ширээ гэлтэй харагдана.

Тод хээтэй монгол дээл хөөргөн бүсэлсэн залуучууд үзмэрийг сонирхож байгаа хүмүүсийг дагалдан явах нь үнэ тохирвол чулууны наймаа хийх зорилготой аж. Чулууны чанар, цулаас хамаарч үнэ 30-40 мянган юань хүрдэг гэж тайлбарлагч хэлсэн. Музейн үүдний өмнө том талбайд чулууны наймаачид жижиг жижиг асар барин наймаа хийнэ. Алшаагийн малчдын ихэнх нь сүүлийн жилүүдэд уламжлалт мал аж ахуйгаа орхин чулууны наймаачид болоод байгаа нь энэ аж. Элсэн цөл давамгайлсан Алшаа нутагт одоо тэмээ, ямаагаа түлхүү өсгөж, бусад малыг ерөнхийд нь орхижээ. Гэтэл Алшаатай харьцуулахад мал аж ахуй өсгөхөд тийм ч таатай биш Хятадын зүүн эргийн Шар тэнгистэй залгаа Шандун муж сүүлийн жилүүдэд таван хошуу малын тоогоор Өвөр Монголыг гүйцэж байгаа юм байна. Шандуныхан бүүр малын мах экспортлох талаар ярьж байгаа аж.

Алшаагийн Хачин чулууны музейг харсан монголчууд “Манай говьд ийм чулуу зөндөө шүү дээ, аягүй бол манайхаас ирсэн чулуу байгаа даа” гэцгээж байна. Гэвч байгальд хэвтэх чулуу харах, байгалийн чулууг засч додомдон үзмэр болгон, бүүр музей хүртэл байгуулж, зоос олно гэдэг бол өөр ухаан.

Тэмээний ноос, цагаан ямааны ноолуураар хөнжил, гудас, хувцас хийн экспортолдог юм байна. Үнэндээ манай үйлдвэрүүдийн хийдэг л бүтээгдэхүүн байж илүү үнэтэй юм гэж бодогдовч өнгө, хийц, сав боодлын хувьд манайхыг дагуулахааргүй хүний нүд хужирлаж байгаа нь бас л нэг ухаан.

Алшаа аймгийн газар нутгийн хэмжээ 267.574 км квадрат. Өвөр Монголдоо хамгийн том газар нутагтайд тооцогдох мөртлөө хүн амын хувьд хамгийн цөөн хүн амтай аймагт тооцогдоно. Газар нутгийн ихэнхийг говь, цөл эзэлнэ. Тэнгэр, Бадайн жаран, Улаанбух зэрэг элсэн цөлүүдтэй. Хойд талаараа Монгол Улсын Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэнэ. 200 гаруй мянган хүн амтайгаас 40 гаруй мянга нь монгол үндэстэн. Монгол үндэстэний цөм хошууд, торгууд ястангууд. Алшаа аймаг нь Зүүн хошуу, Баруун хошуу, Эзнээ голын хошуудаас бүрдэнэ.

Эдийн засгийн бүтцийн хувьд мал аж ахуйгаас гадна уул уурхай сүүлийн жилүүдэд зонхилж байна. Өвөр Монголын газар нутгийн нийт эрдсийн 70 гаруй хувь Алшаад бий. 86 төрлийн 416 орд газрыг нээн илрүүлээд байгаагаас 40 гаруйг нь одоогоор олборлож байгаа аж.

Өнөө цагийн Алшааг ийнхүү тодорхойлж болох бол алшаачуудын түүхийг Баян хотын онгоцны буудалд өлгөсөн нэгэн зураг тодорхойлно. Энэ зурагт Тооройн төгөл, Хар хот, сансрын хөлөг хөөргөх талбайг дүрсэлсэн нь учиртай. Элсэн цөлд 250 мянган га талбайг эзлэн орших Тооройн төгөл бол байгалийн үзэсгэлэнт газар. Хар хот бол монголчууд бидний түүхтэй салшгүй холбоотой газар. Монголын их гүрэн болон Юань гүрний үед газар газрын түмэн хэлтэн хөлхсөн толгонй замын худалдаа наймааны зангилаа хот байж байгаад түүхийн улбаанд сураг нь тасран мартагдсан байсныг 1900-гаад оны эхээр Оросын эрдэмтэн П.К.Козлов илрүүлж, тухайн үедээ шуугиан тарьж байжээ. Түүхийн эх сурвалж сөхөхөд Хар хотыг цэргийн бэхлэлт хүрээ хэлбэрээр Баруун Сяо буюу Тангудууд 1032 онд байгуулагдсан гэдэг бөгөөд 1032-1227 оныг хүртэл Тангудын мэдэлд байв. Хар хот нь монголчуудын хувьд цэрэг стратегийн түшиц гол газар байсан бөгөөд Чингис, Өгөөдэй, Мөнх хаад өмнө зүгт хийсэн аян дайныхаа гол түшиц газраар Хар хотыг сонгож байсан. 1227 онд Чингис Тангуд улсыг дайлаар мордохдоо Хар хотод их цэргийн хүрээг байгуулж байжээ.

Д.НАРАНТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна