ЭЗ-ийн үзүүлэлт: Сөрөг гарлаа

2015 оны 10 сарын 28

Аравдугаар сарын борлуулалтын менежерийн индекс гарчээ

Дэлхийн эдийн засаг байгууллага (World Economics) нь дэлхийн бүсчилсэн болон улс орнуудын эдийн засаг болоод бизнесийн орчинг сар болгон үнэлэн, ямарваа нэгэн улсын Засгийн газраас огт хамааралгүй дүгнэлт гаргадаг байгууллага юм. Бид өмнө нь тус байгууллагын тооцоолон гаргасан Монгол Улсын 2015 оны есдүгээр сарын “Борлуулалтын менежерийн индекс” (Sales Managers’ Index) үзүүлэлтийг орчуулан хүргэсэн бол энэ удаад 2015 оны аравдугаар сарын Монголын бизнесийн орчинд хийсэн дүгнэлтийг хүргэж байна.


АРАВДУГААР САР: Монголын эдийн засгийн уналт үргэлжилсэн хэвээр байна

Борлуулалтын менежерийн индекс (БМИ) Монгол Улсын 2015 оны аравдугаар сарын эдийн засгийн үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн үнэлгээг гаргажээ. Энэ нь БМИ нь Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confidence Index), Зах зээлийн өсөлтийн индекс (MGI), Бүтээгдэхүүний борлуулалтын индекс (Product Sales Index), Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index) болон Ажиллагсдын түвшний индекс (Staffing Levels Index) гэсэн таван суурь үзүүлэлтийн дундаж утгууд дээр үндэслээн гардаг үзүүлэлт юм.

Энэ сарын онцлох үзүүлэлтүүд:

  • Бизнесийн итгэлтэй байдлын индексээр эрэлтээс шалтгаалан бууралт үзүүлэв.
  • Бүтээгдэхүүн борлуулалтын болон Зах зээлийн өсөлтийн индекс огцом уналт үзүүлэв.
  • Компаниуд борлуулалтаа ихэсгэхийн тулд барааны нэрлэсэн үнээ бууруулсаар байна.

Борлуулалтын менежерийн индекс (Sales Managers` Index)

2015 оны есдүгээр сард 38.6% үзүүлэлтийг харуулж байсан БМИ 2015 оны аравдугаар сард 2.5 хувиар буурсан буюу 36.1%-ийн үзүүлэлтийг үзүүллээ. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сараас хойш борлуулалтын хамгийн доод үзүүлэлтийг энэ аравдугаар сард үзүүлж байна. Энэ нь бизнес эрхлэлтийн орчинд эдийн засгийн огцом бууралтын дохио өгч буй хэрэг юм. БМИ нь 50%-иас дээш үзүүлэлтийг үзүүлэх буюу графикийн эерэг утгын талбайд байрлаж байвал эдийн засгийн өсөлтийг, 50%-иас доош байвал (графикийн сөрөг талбарт байрлавал) бууралтыг илтгэдэг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт сүүлийн 20 сарын туршид сөрөг талбарт байсаар иржээ. БМИ нь аравдугаар сард уналттай гарсны шалтгаан нь суурь таван индекс тавуулаа бууралттай гарсантай холбоотой.


Одоо суурь индексүүд аравдугаар сард ямар өөрчлөлт үзүүлснийг хүргэе.   

1. Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confident Index)

Бизнесийн итгэлтэй байдлын индекс нь БМИ-тэй адилаар 50%-иас дээш утга үзүүлсэн бол өсөлттэй, үгүй бол бууралттай хэмээн дүгнэгдэнэ. Энэхүү индекс нь дотоодын зах зээлийн эрэлт суларсан, хүүгийн хэмжээ өндөр байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тогтворгүй үнэ, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас энэ аравдугаар сард графикийн сөрөг талбарт байрласан байна. 2015 оны есдүгээр сард 40.3% байсан уг индекс 2015 оны аравдугаар сард 5.5%-ийн огцом бууралтыг үзүүлж, 34.8% дээр тэмдэглэгджээ. Энэ нь 2015 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн огцом бууралт юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс ирэх саруудад бизнесийн орчин ирж буй өвлийн улирал мэт хатуу ширүүн байх төлөвтэй гэнэ.

2. Зах зээлийн өсөлтийн индекс (Market Growth Index)

Зах зээлийн өсөлтийн индекс аравдугаар сард өнгөрөгч есдүгээр сарын адил үргэлжлэн унасан хэвээр байгаа бөгөөд, 2015 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн доод хэмжээнд тэмдэгдэгдлээ. Энэ үзүүлэлтээс зах зээлийн орчин илт муудаж, түүний өсөлт улам буурсаар буйг харж болно.

3. Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index)

Энэ индекс нь мөн адил сүүлийн зургаан сарын туршид үзүүлсэн хамгийн доод үзүүлэлтээ үзүүлжээ. Судалгааны хэлэлцүүлэлт оролцогчид дотоодын зах зээл дэх эрэлт хэрэгцээ буурсан нь нийт бүтээгдэхүүний борлуулалтын түвшинд нөлөөлсөөр байгааг онцлов.

4. Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index)

2015 оны есдүгээр сард 40.5% байсан уг индекс аравдугаар сард 39.5% болж, яльгүй буурчээ. НҮИ нь графикийн сөрөг талбарт байсан хэвээр буюу 50%-ийн үзүүлэлтийг сүүлийн 12 сарын туршид хангаж чадахгүй байсаар байгаа юм. Судалгааны хэлэлцүүлэгт оролцогчдын дурдсанаар, дотоодын зах зээл дэх эрэлтийн сулралтаас шалтгаалж байгууллага аж ахуйн нэгжүүд үнийн дарамтыг хөнгөвчлөх үүднээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол бууруулсан хэвээр байна хэмээв. Нэмж хэлэхэд, уг үзүүлэлт нь өнгөрсөн есдүгээр сард өсөлттэй байсан цорын ганц үзүүлэлт байсан бөгөөд, өсөлтийн эрчим саарсаар энэ сард ийнхүү яльгүй бууралтыг үзүүлжээ.

5. Ажиллагсдын түвшний индекс (Staffing Level Index)

Ажиллагсдын түвшний индекс бууралт үзүүлж буйг энэ аравдугаар сарын график дүрсэлжээ. Сүүлийн арван найман сарын туршид дараалан ажил олголтын түвшин буурч байгаагаас Монгол улсын бизнесийн орчин дахь хөдөлмөр эрхлэлт нэмэгдээгүйг харуулж байна.Энэ аравдугаар сард ажиллагсдын түвшний индекс нь 2015 оны тавдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлтээ үзүүлсэн нь улс даяар хөдөлмөрийн зах зээл суларсныг дохиолжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид ажил олголтын энэхүү бууралтыг Бүтээгдэхүүн борлуулалтын индекс болон Зах зээлийн өсөлтийн индексийн бууралттай холбон таЙлбарлаж байна.


Дэлхийн Эдийн засгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Эд Жонс дээрх үзүүлэлтээс үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

"Дэлхийн Эдийн Засгийн Байгууллагын тооцоолон гаргасан Монгол улсын 2015 оны аравдугаар сарын үзүүлэлтүүдийг харахад, бизнесийн орчин Монгол улсын хэмжээнд муудаж байгааг харж болохоор байна. Борлуулалтын Менежерийн Индексийн үзүүлсэн энэхүү бууралт нь бусад суурь таван үзүүлэлтүүдийн тус бүрийн бууралтаас шалтгаалжээ. Эдгээр таван үзүүлэлтийн гурав нь буюу Бизнесийн итгэлтэй байдлын индекс, Зах зээлийн өсөлтийн индекс, Бүтээгдэхүүн борлуулалтын индексүүд бүгд сүүлийн хагас жил орчим байгаагүй огцом уналтыг тэмдэгдэсэн байгаатай харьцуулахад, Ажиллагсдын түвшний индекс харьцангуй тогтвортой байдлаа хадгалж байгаа юм. Мөн энэ аравдугаар сарын туршид байгууллагууд үнийн дарамтыг хөнгөвчлөх болон борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд бараа үйлчилгээнийхээ үнийг бууруулж буй нь ажиглагдлаа. Ерөнхийдөө, 2015 оны аравдугаар сард эдийн засгийн нөхцөл байдал бизнес эрхлэгчдийн чадварыг сорьсон сар хэвээр байх бөгөөд, ирэх саруудад ч мөн адил эдийн засгийн удаашрал ажиглагдсан хэвээр байх болно" гэсэн байв.


Доорхи графикт, суурь үзүүлэлтүүд тус бүрдээ хэрхэн өөрчлөгдөнийг харуулав.

Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна