ОХУ паспортын шаардлагаа чангалаагүй

2015 оны 10 сарын 28

ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан тус улсыг зорих монголчуудын тоо нэмэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өнгөрөгч зургадугаар сард ОХУ-аас паспортын шаардлагаа чангатгаж эхэлсэн талаар мэдээлэл тархсан. Энэ хүрээнд 2006 оноос өмнө олгогдсон паспорттой иргэдийг хил нэвтрүүлэхгүй хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулсан юм. Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын дарга Д.Энхцэцэгийн мэдээлснээр “Иргэдийн зүгээс ташаа мэдээлэл авснаас паспортоо шинэчилье гэж ирсээр байна. Зургадугаар сард паспорт шинэчлэх тухай яриа гарсан. Гэхдээ энэ нь шийдвэрлэгдээгүй. Өөрөөр хэлбэл, иргэд 2002 оноос хойш олгогдсон паспорттой байдаг. Энэ паспортоор зорчиж болно. Солиулах шаардлагагүй” гэв. ОХУ-ын хилээр нэвтэрч буй иргэдийн гадаад паспортонд тавих шаардлагаа өндөрсгөсөн зүйл байхгүй гэдгийг ч онцолсон юм.

Харин ирэх оноос иргэдийн гадаад паспортыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Гэхдээ иргэдэд учруулах ямар нэгэн чирэгдэл байхгүй. Паспортын хугацаа дуусч, сунгалт хийлгэхэд нь шууд шинэчилсэн, чиптэй паспорт олгох байдлаар зохицуулах аж.

Энэ жилийн хувьд гадаад паспортын захиалга нэмэгджээ. Учир нь 2015 оноос ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан иргэдийн захиалга нэмэгдэх болсон байна. Тухайлбал, өмнө нь жилд 130 мянган иргэн гадаад паспорт захиалдаг байжээ. Харин 2015 оны эхний арван сарын байдлаар л гэхэд гадаад паспорт захиалга 160 мянгад хүрсэн хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв.

Ялангуяа Улаан-Үд, Итгэлт хамба руу аялах иргэдийн тоо нэмэгджээ. Гадаад паспортын хэлтсийн өдрийн үйл ажиллагааны 40 гаруй хувийг нь Итгэлт хамба руу аялах иргэдийн захиалга эзэлдэг байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.АРИУНБОЛД

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна