Чуулганаар төсөв хэлэлцэнэ

2015 оны 10 сарын 28

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Чуулганы хэлэлцэх асуудалд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ багтсан бөгөөд намын бүлгүүд болон бие даагчдын зөвлөл төсвийн төсөлд өөр өөрсдийн байр сууриас хандахаа илэрхийлээд буй. Ирэх оны төсвийг хэмнэлтийн, бүсээ чангалах төсөв байна гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдэж байгаа. Ингэхдээ 3000 албан хаагчийг цотомгож, төрийн захиргааны болон улс төрийн 2900 албан тушаалтны цалинг 30 хувь бууруулахаар төсвийн төсөлд тусгаад буй юм. Харин үүнийг сөрөг хүчин болох МАН дэмжихгүй гэдгээ даваа гаригт болсон бүлгийн хуралдаанаараа шийдсэнээ мэдэгдсэн. Бие даагчдийн зөвлөл ч цомотгол хийхээс илүү үр ашиггүй зүйлд зарцуулах төсвөө багасга гэхчилэн үүнийг эсэргүүцэж буй юм.

Үүнээс гадна Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ өнөөдрийг чуулганаар хэлэлцэх юм.

Л.ХАЛИУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна