Жинхэнэ амьд мэдрэмжийг төрүүлэх Epson

2015 оны 10 сарын 28

Гэрэл зураг үүсээд 170, монголчууд гэрэл зурагтай учраад 130 гаруй жил, харин Монголд гэрэл зураг албан ёсоор үүсч хөгжөөд аль хэдийнэ 80 жилийг ардаа үдсэн түүх цагаан дээр хараар дурайна. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлдэг билээ. Тэгвэл түүхийг баримтжуулан үлдээдэг хүмүүс нэгэн дор цуглаж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Энэ бол Epson брэндийн бүтээгдэхүүнүүдийг 2011 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчиддээ хүргэж буй Саммит Компьютер Технологи компаниас зохион байгуулсан “Experience the Artwork by Epson” өдөрлөг байсан юм. Тус компанийнхан Epson брэндийн 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээ нь байгууллагуудын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, гэрэл зураг сонирхогчид болон мэргэжлийн гэрэл зурагчдад зориулан Epson брэндийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологийг ашиглан байгууллагын хэвлэх ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах олон боломжууд, проекторын шинэ боломжууд, сканнер, өргөн хэвлэлийн плоттер зэрэг бүтээгдэхүүнүүдийг Вертул галлерейдаа дэлгэн, танилцуулсан юм. Өдөрлөгийг нээж, тус компанийн дэд захирал Н.Ганзориг хэлсэн үгэндээ “Манай Саммит Компьютер Технологи компаниас зохион байгуулж буй “Experience the Artwork by Epson” өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочиддоо талархал илэрхийлье. Мөн Монголын гэрэл зурагчид түүхт 80 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа тул та бүхэнд баярын мэнд дэвшүүлье. Энэ удаагийн “Experience the Artwork by Epson” өдөрлөгийг “Фото зургийг хэвлэцгээе” уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр бол хэрэглэгчдийн дийлэнх нь түүхийн агшинг үлдээсэн гэрэл зургаа компьютер эсвэл гар утсандаа хадгалах болсон. Энэ нь тухайн зураг устах эрсдлийг дагуулж байдаг. Тэгвэл манай Epson брэндийн принтерүүдийг иргэн бүр хувийн хэрэгцээндээ ашиглах боломжтой, энгийн ойлгомжтой хэрэглүүрүүдтэй байдгаараа давуу талтай юм. Тиймээс ч Epson брэндийн принтерүүд гэрэл зурагчдын сонголт болдог гэдгийг энд хэлэхэд таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Үнэхээр ч Epson брэндийн өнгөт принтерээр хэвлэсэн амьд мэт зургуудыг Вертул галлерейд дэлгэжээ. Галлерейн төвд зочдод зориулан суудал зассан байх бөгөөд баруун талд байрлах үзвэрийн танхимд Epson брэндийн проекторын тусламжтайгаар дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан “Галзуу хурд-7” дэлгэцнээ гарах аж. Гайхамшигтай зургууд, сонирхолтой кино хурсан зочдын сонирхлыг өөрийн эрхгүй татаж, шинэ технологийн гайхамшгийг ёстой л нэг гараараа барьж, нүдээрээ үзсэн өдөр байлаа. Өдөрлөгийн үеэр Epson брэндийн мэргэжлийн принтерүүдийг Монголын гэрэл зурагчдын холбооны гэрэл зурагчин Н.Гансүх тайлбарлаж, гэрэл зургийн өнгө дүрслэлийг хэрхэн гаргах, зургийг аппаратнаас цаасан дээр гаргах хүртэлх процедурыг тайлбарлаж өгсөн нь олон хүний сонирхлыг татсан юм. Epson брэндийн принтерийн хувьд хэвлэх, хувилах, сканнердах үйлдэл бүхий шинэ загварууд, өнгийг бүрэн утгаар нь гаргах өнгөт принтер олны анхаарлыг татаж байсан юм. Овор хэмжээ багатай зөөвөрлөх боломжтой, Wi-Fi, Wi-Fi direct болон Epson Connect холболттой, хэвлэлтийн зардал харьцангуй хямд зэрэг давуу талуудыг агуулсан принтерүүд ч байсан гэдгийг дуулгая. Epson-ийн оригиналь бэхэн хор гайхалтай өнгийг дүрсэлж чадахаас гадна зардлыг хэмнэж өгдөг давуу талтай юм билээ. 1,44 инчийн өнгөт удирдлагын дэлгэцтэй учир принтер дээрээ үйлдэл, тохиргоо хийх болон хорныхоо хэмжээг харах, SD картаас зургаа сонгон хэвлэхэд маш хялбар, компьютер ашиглалгүйгээр картнаас зургаа хэвлэх слоттой. Гайхалтай чанартай хэвлэлт болон хурдны хувьд ярих зүйл үгүй. Өнгөний гайхамшиг, амьд мэт зургуудыг өөрсдөө хэвлэж үзсэн учраас өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүндэт зочдын заримынх нь сэтгэгдлийг сонслоо. Тэд бүгд л мэргэжлийн хүмүүс, бас Epson брэндийн үнэнч хэрэглэгчид юм билээ. Ингээд тэдний сэтгэгдлийг хүргэе.

Epson бол гайхамшиг

Н.Гансүх: Зургийг оруулахаас эхлээд гаргах хүртэл өнгө нь таарч байвал тухайн зураг маш чанартай хэвлэгдэнэ

/МГЗНХ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин/

-Зургийг камераар харах, компьютерийн дэлгэцнээс харах, бодитоор нь сайхан чанартай хэвлээд харах зэрэг нь маш их ялгаатай байдаг. Зургийг оруулахаас эхлээд гаргах хүртэл өнгө нь таарч байвал тухайн зураг маш чанартай хэвлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн зураг камерт ногоон, компьютерийн дэлгэц дээр хөх, принтерээр хэвлэхэд ягаан гараад байвал энэ бол зураг бодит байдлаасаа зөрж байгаа хэрэг. Маш их туршлагатай хүн аргалаад гаргачих л байх. Гэхдээ энэ бол эцсийн дүндээ зураг бодит байдлаасаа өөрөөр гарч байгаа хэрэг юм шүү. Өнгийг төхөөрөмж болгон өөр өөрөөр харуулдаг. Тэр бүү хэл, нэг брэндийн хоёр төхөөрөмж дээр хүртэл өнгө өөр харагддаг юм. Тэгэхээр өнгө анх харахад л ямар байсан тэр өнгөөрөө л цаасан дээр бууж байвал сайхан. Энэ шаардлагыг Epson брэндийн өнгөт принтерүүд хангалттай хангаж чаддаг. Тийм ч учраас гэрэл зурагчид бидний сонголт Epson брэнд байх нь гарцаагүй.

С.Цогтбаяр: Одоохондоо Epson брэндээс илүү гарч хэвлэх төхөөрөмжийг хүн төрөлхтөн зохион бүтээгээгүй л байна

/Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, шог зураач/

-Epson брэндийг монголчууд сайн мэднэ. Би өөрөө 1990-ээд оны дунд үеэс эхлээд их олон жил хэвлэлийн салбарт ажиллаж байгаа. Анх л Epson брэндийн принтерүүд дээр ажиллаж байлаа. Epson брэндийн принтерүүд фото хэвлэл дээр маш гайхамшигтай үр дүнг үзүүлдэг. Бид өөрсдөө энд тэндээс янз бүрийн техник технологи авчирдаг боловч төдийлөн сайн байдаггүй. Тэгвэл албан ёсны дистрибьютер гэдэг бол сервис үйлчилгээ, үнэ ханш, эргэх холбоо гээд маш олон давуу талыг хэрэглэгчиддээ үзүүлдэг зэрэг ач холбогдолтой. Гэрэл зургийн хувьд ярихад одоохондоо Epson брэндээс илүү гарч хэвлэх төхөөрөмжийг хүн төрөлхтөн зохион бүтээгээгүй л байна шүү дээ. Ялангуяа сүүлийн үед гарч байгаа чиг хандлагыг харахад хүмүүс лазер принтерээс татгалзаад эхэлчихсэн байна. Аль болох тосон инктэй, зүгээр инктэй принтерийг ашиглаж байна. Учир нь эдгээр принтерийн өртөг хямдарснаас үүдэн ахуйн болон оффисын хэрэглээнд ашиглах нь ихэссэн талаар танилцуулж байсан. Өнөөдрийн арга хэмжээтэй давхцаад Монголд гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ч утгаараа маш олон гэрэл зурагчин энд хүрэлцэн ирсэн байна. гэрэл зургийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулдаг байгууллагын төлөөлөгчид нэлээд их ирсэн байна. Хэдийгээр өдөрлөг хэмээн зохион байгуулж байгаа боловч энэ нь нөгөө талаараа үйлчилгээ, бизнес болж байгаа юм. Тэгээд сүүлийн үед гарсан технологийн дэвшлүүдээр бол бид зураг аваад байдаг. Файлаар нь хадгалаад байхаас биш хэвлэж чадахгүй яваад байдаг. Зөвхөн дэлгэцнээс харж, сэтгэл ханамж авдаг ийм буруу зуршилтай болчихоод байгаа. Тиймээс энэхүү өдөрлөгийг “Фото зургийг хэвлэцгээе” уриатайгаар зохион байгуулж байгаа нь маш зөв зүйтэй юм. Гэрэл зургийг цаасан дээр өндөр чанартайгаар хэвлэж гаргаснаар үзэж байгаа хүнд бүр л илүү таашаалыг өгөх байх. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг шүү дээ. Тийм болохоор өндөр чанартай принтерийн өртөг хамдарсан, технологи улам сайжирч байгаа өнөө үед хүн бүхэн л дурсамж агуулсан гэрэл зургаа цаасан дээр буулгаж, гэрэл зургийн цомогтоо өнгө нэмэх хэрэгтэй юм.

С.Цацралт: Epson брэнд мэргэжлийн маш өндөр шаардлагыг хангадаг

/”Гамма” агентлагийн зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн/

-Хүн бүхний хэрэглээ өөр байдаг байх. Гэхдээ гэрэл зурагчин хүний хувьд би Epson брэндийн төхөөрөмжийг хэрэглээд 10 гаруй жил болж байна. Одоогийн байдлаар хоёр принтер сольчихоод байна даа. Мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд авсан гэрэл зургаа бодитой, үнэн өнгөтэй, өөрийнхөө санасан хэмжээнд буулгахад Epson брэнд мэргэжлийн маш өндөр шаардлагыг хангадаг. Тиймдээ ч мэргэжлийн гэрэл зурагчдын сонголт болдог. Саммит Компьютер Технологи компаниас зохион байгуулж буй өдөрлөгт би гэрэл зурагчидтайгаа зураг хэвлэх тухай ярилцахаар ирээд байна. зураг ямар чанартай гарах вэ, авсан зураг минь хэр чанартай байна, өнцөг нь хэр таарсан байна гэдгийг хэвлэж л үзэхгүй бол аппарат, компьютерийн дэлгэц дээрээс харах нь учир дутагдалтай. Одоо маш олон хүн гэрэл зураг сонирхож, өөрийнхөө хэмжээнд авч байна. Гэхдээ олонхи нь авсан зургаа компьютертээ хадгалаад байдаг нь учир дутагдалтай юм. Тиймээс маш энгийн үйлдэлтэй, хүн бүхэн хэрэглэхэд тохиромжтой Epson брэндийн хэвлэгчээр зургаа бодитой, амьд мэт гаргах боломж нээлттэй байна гэдгийг дуулгахад таатай байна.

Epson брэнд 40 нас хүрлээ

Энэ жил 40 жилийн ойгоо тэмдэглэж буй Epson брэндийн талаархи бяцхан түүхийг сөхье. Бидний эртний танил Epson компани тэртээ 1942 онд байгуулагдаж байжээ. Гэхдээ хамгийн анх бугуйн цаг үйлдвэрлэдэг байсан бөгөөд тус компани яваандаа эрчим хүч хэмнэх, өндөр чанартай, авсаархан бүтэцтэй бүтээгдэхүүнийг бүтээх болж, өөрийн бизнесийн чиглэлээ өргөжүүлж эхэлсэн аж. Бүтээлч чанар, эрч хүчтэй байдал нь тус компанийг шинэ зах зээл дээр ажиллаж, хэрэглэгчдэд өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг амжилттай хүргэхэд тусалжээ. Бизнес хөгжихийн хэрээр компанийн удирдлагууд тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд төлөөлж чадах брэндийг бий болгохоор шийдсэнээр Epson брэнд 1975 онд мэндэлсэн байна. Epson-ий уриа бол “Exceed Your Vision”. Тус брэндийн хэрэглэгчдийнхээ хүлээлтээс илүү гарсан бүтээгдэхүүн, технологийг одоо ч ирээдүйд хүргэх амлалтыг илэрхийлдэг билээ. Epson-ий шинэ технологийн судалгаа, хөгжүүлэлтийн эрэл нь тус компанийн бүтээгдэхүүнд бусдаас ялгарах онцгой чанарыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Epson брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ хүргэх албан ёсны эрхийг Саммит Компьютер Технологи компани 2011 онд авсан бөгөөд өөрийн PC mall сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнүүдийг хүргэхээс гадна Epson-ийн мэргэшсэн инженерүүд засвар үйлчилгээг үзүүлж, хэрэглэгч танд хэрэгтэй зөвлөгөөг өгч байна.

Э.ТУУЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна