УИХ-ын гишүүн Я.Содбаатар илтгэл тавив

2015 оны 10 сарын 28

МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум үргэлжилж байна. Уг форумын хүрээнд өчигдөр "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд" нэгдсэн хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

 

Уг хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал сэдэвт салбар хуралдаан болж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын геологи, хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын нийт газар нутгийн 8.6 хувьд тусгай зөвшөөрөл олгосон байгааг онцлоод, геологи, хайгуулын салбар уналтад орсныг дурдсан юм. Учир нь 2010 онд уул уурхайн салбар манай улсын төсвийн нийт орлогын 28 хувийг бүрдүүлдэг байсан бол 2015 онд энэ үзүүлэлт 13 хувь хүртлээ буурчээ.

 

Хэдийгээр дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ уруудсаар байгаа нь үүнд нөлөөлсөн ч, хамгийн чухал нь Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 11 мянган хувийн аж ахуйн нэгжийг хүчний байгууллага шалгасан байна. Иймд хөрөнгө оруулагч, төр, нутгийн өөрөө удирдах байгууллага хоорондын зохистой харьцааг хуульчлах хэрэгтэй тэрбээр сануулсан юм.

 

Мөн эрх зүйн болон бодлогын тогтвортой байдлыг бий болгох нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын чухал үзүүлэлт гэдгийг онцоллоо. Үүнээс гадна өмчийн болон эрхийн хамгаалалтыг тодорхой болгох ёстой гэлээ. Учир нь хэн нэгэн албан тушаалтан өөрийн эрх мэдлийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Гэвч түүний цаана их хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулагдаж байдаг. Тиймээс хуульд заагаагүй үндэслэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага хувийн компанийн үйл ажиллагааг зогсоодог байдлыг өөрчлөх ёстой гэв.

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН