Гацууртын ордыг хэлэлцэхийг хойшлууллаа

2015 оны 10 сарын 28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс тус ордыг ашиглах тухай хуулийн төслийг УИХ-д гурав дахь удаагаа өргөн мэдүүлсэн нь энэ.

Хэлэлцүүлэг эхлэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тэрээр төслийг хойшлуулах болсон шалтгаанаа “2009 онд эдийн засгийн хямрал болсон. Хямралаас сэргийлэх санд Засгийн газар яаралтай оруулсан төслийг УИХ ээлж харгалзахгүйгээр хэлэлцэнэ гэж хууль гаргасан. Энэ хямрал чинь 2011 онд байхгүй болж, төр банкны хадгаламжийн даатгалыг хариуцана гэсэн заалтыг хүчингүй болгоно гэсэн чинь УИХ-ын заалт нь хэвээр үлдсэн. Энэ бол хүчингүй хууль. Гацууртын ордыг элдэв хардлага дагадаг. Тийм учраас дараа долоо хоногт оруул. Саад болох сонирхол үнэндээ алга” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гацууртын ордыг ашиглах хуулийн төсөл гурав дахь удаагаа орж ирж байна. Дахин дахин зүтгүүлээд байх юм. Яаралтай, хурдан хэлэлцэнэ гэх юм. Гацууртын ордын цаана ямар яаралтай зүйл байдаг юм бэ. Үүнийг хэлэлцэхийг дэмжихгүй байна” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын асуудлыг ямар агуулгаар дахин, дахин зүтгүүлээд байна вэ. Алтны татвар бууруулсан ч амьдрал сайжраагүй” гэлээ.

Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулж, тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Засгийн газар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Ингэснээр хуулийн төсөлд “Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглаж, үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах юм байна. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхрагад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлож дууссан тул ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж гүйцэтгэх аж.

Мөн Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-иас ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авахаар тусгажээ. Ажлын хэсгийн зүгээс өгч байгаа мэдээллээр алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар төсөлд тусгажээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх эсвээс хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох юм байна. Хэрэв ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унци нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болно. Дээрх саналыг алтны үнийн төсөөлөл 1 унци нь 1100-1400 ам.долларын хооронд байхад Монголын талын мөнгөн урсгал нэрлэсэн дүнгээр 339.8-490.7 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаардагдах санхүүжилтийг “Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирсон байна.

Ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрээр анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар болгож бууруулснаар Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ нэмэгдэх болж буй аж.

Ажлын хэсгийнхнээс дээрх тайлбарыг сонссоны дараа Ц.Нямдорж гишүүний гаргасан горимын саналаар санал хураахад гишүдийн 80 гаруй хувь нь дэмжиж, эл асуудлыг хэлэлцүүлгийн долоо хоногоор хойшлуулсан юм.

Г.ДАРЬ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна