“ДМЮ” алт, “Дэрэн” хүрэл медаль авлаа

2015 оны 10 сарын 28

-Өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнээс “ДМЮ” алт, “Дэрэн” хүрэл медаль авлаа-

БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн аравдугаар сарын 23-27-нд ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо. ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн газар хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хамгийн шилдэг тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын “ДМЮ” клуб хамгийн шилдэг нь байсан бол ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ баг, "Дэрэн" багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

“ДМЮ” клуб “А” хэсэгт ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 3-2, Бугат аймгийн шигшээ багийг 7-1, нутаг нэгт “Хараацай”-г 2-0-ээр буулган авч, төвөггүйхэн хагас шигшээд шалгарсан юм. Улмаар хагас шигшээд нутаг нэгт “Дэрэн” клубтэй учраа таарч тоглоход хоёр багийн тоглолт үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцэн 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг шийдэх болсон юм. Торгуулийн цохилтонд ДМЮ өрсөлдөгчөө 4-2 харьцаатай хожин тус тэмцээний шигшээд өрсөлдөх болоод байсан. Шигшээ тоглолтонд манай клуб ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 5-2 харьцаатай хожин БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний аварга боллоо.

Б.Батзаяа эзэнтэй “ДМЮ” клубын хувьд ийнхүү Монголдоо үзүүлж байсан амжилтаа Хөх хотод ч үргэлжлүүлж чадлаа. Түүнчлэн энэ тэмцээний хүрэл медалийн төлөө тоглох болоод байсан “Дэрэн” клуб зохион байгуулагч орны Биеийн тамирын мэргэжлийн сургуулийн багийг 2-1 харьцаатай хожин хүрэл медалийн эзэд болсон байна.

"ДМЮ" клубын 15 хүртэлх насны баг. Багийн ахлагч Б.Батзаяа, менежер Ч.Бат-Эрдэнэ, дасгалжуулагч Д.Нанжид.

Тус тэмцээний аварга “ДМЮ” клуб ирэх баасан гарагт(X.30) эх орондоо ирэх бөгөөд энэ үеэрээ хэвлэлийн хурал хийхээр болсон талаар Хөх хотоос бидэнд мэдээлэв.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна