Хот байгуулалтын үнэлгээг гаргана

2015 оны 10 сарын 28

Барилга хот байгуулалтын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улсын хот байгуулалтын үнэлгээг гаргаж, ирээдүйн хот байгуулалтын алсын харааг тодорхойлох үндэсний хэмжээний томоохон төслийг боловсруулж буй юм байна. Уг төслийн ажил энэ оны зургадугаар сараас эхэлсэн бөгөөд Монгол Улсын хот байгуулалтын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэх зэрэг бодлогын баримт бичгийн суурь судалгаа болох өндөр ач холбогдолтой төсөл болохыг салбарын сайд нь онцолж байна. Төслийн багийнхан дунд хугацааны төслөө танилцуулахдаа олон төрлийн салбарт өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологи болон байгаль орчны тогтвортой байдал бүхий нийгмийн бүх хүрээг хамарсан үндэсний эдийн засгийг дэмжихэд чиглэсэн, аливаа хүндрэлийг даван туулах чадвартай улсын хэмжээний хотуудын тогтолцоог бий болгохоор зорьж ажилласан байна.

Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Үндэсний хот байгуулалтын алсын хараа дотор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг дагуул хотуудын алсын харааг ч нарийн тодорхойлж, эдийн засгийн үр ашгийг нь нарийн тооцоолж өгсөн. Улаанбаатар хотын хувьд ухаалаг, мэдлэгт суурилсан, нягт, зам харилцаа хөгжсөн, амьдрахад таатай ногоон хот байна гэж төсөөлж, төлөвлөлт хийж байна. Хамгийн гол нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв болгон, Азийн нүүр царай метрополис хот байхаар төслийг ерөнхийлөн гаргаж байна” гэлээ.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна