Гаалийн байгууллага мэргэжлийн тусгай чиг үүрэгтэй байгууллага мөн

2015 оны 10 сарын 28

Дэлхийн Худалдааны Байгууллагын зорилго нь импортын барааны тарифын зохицуулалтыг эхлээд зөвхөн гаалийн тарифаар хязгаарлах, улмаар гаалийн тарифыг бууруулах, эцэст нь түүнийг тэглэх явдал бөгөөд ийнхүү гаалийн байгууллага хууль ёсны худалдааг чөлөөтэй болгон, хууль бус худалдааг таслан зогсооход хүчээ төвлөрүүлэн ажиллах шаардлагаар илэрхийлэгддэг.

Олон оронд гаалийн байгууллагын төсвийн орлого бүрдүүлэх эрх үүрэг буурч, харин хууль сахиулах эрх үүрэг нь нэмэгдэж байгаа.

2008 оны 6 дугаар сард явагдсан Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн 111/112 дугаар чуулганаар 21 дүгээр зуунд гаалийн баримтлах бодлогыг баталсан билээ.

Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмтхэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөжсөний дээр даяаршлын нөлөөгөөр улс орны хилхязгаар хүрээгээ тэлж, дэлхийн гүрнүүдийн харилцан хамаарал өмнөх зууны эхэн үетэй харьцуулахад асар ихээр нэмэгдсэнтэй холбоотойгоор үндсээрээ өөрчлөгдөж ирсэн гэж болно.

Энэхүү бодлогын бичиг баримтад хоёр үндсэн суурь асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль /globally-networked customs/ болон хилийн хяналтын менежментийг сайжруулах /coordinated border management/ асуудлууд юм.

Эрдэмтэн Манн төсвийн орлого бүрдүүлдэг байгууллагуудын талаар судалгаа хийж, дүгнэлт гаргахдаа зөвхөн дотоодын татвар хураалтын үйл ажиллагааг сайжруулах (өөрөөр хэлбэл, орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар) тал дээр анхаарч, гааль, татварын байгууллагыг нэгтгэхээс зайлсхийх хийх нь зүйтэй гэсэн байдаг.

Олон улсын шилдэг туршлагаас харахад энэ 2 байгууллагыг тусад нь байлгах нь зүйтэй гэдэг нь тодорхой байна. Гэвч энэ 2 байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, ажлаа уялдуулан зохицуулах, мэдээллээ хууль эрх зүйн дагуу солилцох нь юу юунаас илүү чухал гэдэг харагдаж байна

Манай хөрш 2 орон болох ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллагууд бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын импорт БНХАУ (  32.8%), ОХУ (27.5%), БНСУ (6.9%), Япон (8.3%), АНУ (3.3%), Европын холбоо, бусад (21.2%) орнуудаас  хамааралтай байдаг энэ улс орнуудад гаалийн байгууллага нь бие даан ажилладаг байна.  Иймд гадаад худалдаанд зонгилох байр суурь эзэлж байгаа улс орнуудтай харилцах, Дэлхийн Гаалийн Байгууллагын үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэхэд Монголын гаалийн байгууллага бие даан ажиллах нь зүйтэй гэж үзнэ.

Монгол Улс 2007онд “Ачааг хилээр нэвтрүүлэхэд хийх хяналт, шалгалтын нөхцөлийг уялдуулах тухай олон улсын конвенци”-д нэгдэн орсон.

Тус конвенцийн “Гаалийн хяналт болон бусад хяналтыг уялдуулах” тухай I-р хавсралтын 1-д “Бүх хил гааль ажилладаг хийгээд тэдгээрийн үйл ажиллагааны нийтлэг байдлыг харгалзан бусад төрлийн хяналтыг гаалийн хяналттай боломжийн хэрээр уялдуулах ажлыг зохион байгуулна.” гэж заасан байдаг.

-Хилийн боомтуудад гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага нэг байр, хилийн цогцолборт байрлаж байгаа боловч давхардсан бүтэц, орон тоотой ажиллаж байгааг нэгтгэж, Засгийн газрын агентлаг, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, төсөв хэмнэх боломжтой.

-“Цахим нэг цонх” үйлчилгээнд хамгийн бага зардлаар шилжиж, нэгдсэн мэдээллийн бүтэцтэй болж мэдээллийг зохих албадуудад шуурхай дамжуулах нөхцөл сайжирна. Гаалийн байгууллагын мэдээллийн системд хилийн хяналтын байгууллагууд ажиллах боломж бүрдэнэ.

-Бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудын давхардсан шалгалтууд үгүй болж, гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа хэмнэгдэж, зардал буурснаар худалдаа хөнгөвчлөгдөж, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна