МАН-ынхан "ТУГ"-аа хатгав

2015 оны 10 сарын 28

Тусгаар тогтнолын ордонд гурван дахь өдрөө үргэлжилж байгаа Монгол Ардын намынхан “ТУГ” бодлого зарлав. ТУГ буюу Тодорхой бөгөөд тогтвортой, урт хугацааны, гарц гаргалгаатай байх гэсэн уг бодлогын хүрээнд Ардын намынхан “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд”, “Банк санхүүгийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Бизнесийн орчны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Дэд бүтцийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” зэрэг сэдвээр олон ч хүн илтгэл тавьж, олон янзын хэлэлцүүлэг өрнүүлж байна. Таван өдрийн турш үргэлжлэх, үзэгчид нь голдуу Ардын намынхнаар дүүрсэн уг форумыг Ардчилсан намынхан “гөлөөг” ч гэж тоосонгүй. Эрх баригчдыг уриагүй ч юм уу, ичсэн нэрэндээ ч тэр үү Ардчилсан намынхнаас нэг ч хүн үзэгдсэнгүй. Харин АН-аас бусад парламентад суудалтай намууд “ТУГ” бодлогын доор хямралаас гарах гарцаа хайцгаав. Тав хоног хуралдсан хүмүүс ямар нэгэн гарц лавтайяа олно гэж найдъя.

Хөгжлийн бодлого гэж хүнд зүгээр мөнгө тараахыг хэлдэггүй юм. Хөгжлийн бодлого бол орж ирсэн хөрөнгө оруулалтаа оновчтой зохицуулахыг, зөв хуваарилахыг, зам тавьж, цэцэрлэг сургууль барьж, үйлдвэр байгуулж, иргэдээ орон сууцжуулахыг хэлдэг юм.

Үндэсний гэх сүржиндүүхэн нэртэй ч үнэндээ Ардын намын сонгуулийн пиар гэж харагдаад буй уг форумын санаа нь уг нь сайхан юм. Салбар бүрт тулгамдсан асуудал бүхнийг нэг бүрчлэн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хайж байгааг нь дэмжмээр байвч, зорилго нь чухам юу вэ?

Хэтийн хөгжил үү, хэлбэр төдий юу? Монголд  хөгжлийн том бодлого үгүйлэгдэж байгаа нь үнэн. Тэр бодлогоо ТУГ гэнэ үү, МОД гэнэ үү, ер нь юу гэж нэрлэх гол биш. Нэр бол нэр шүү дээ. Гагцхүү агуулга нь зорилгодоо хүрэх эсэх нь чухал.  Чухамдаа бол МОД тариад орхих биш, түүнийгээ усалж, тордож ургуулах хэрэгтэй.  “ТУГ” хатгалаа гээд бодлого өөрөө хэрэгждэггүй. Бодлогыг хүмүүс ялангуяа эрх мэдэл атгаж байсан, атгаж байгаа намууд хэрэгжүүлэх ёстой юм? Өөрөөр хэлбэл ам төдий биш ажил болгох боломж Ардын намынханд байсан уу, байсан.

Монгол Ардын нам сонгууль бүрийн өмнө хөгжлийн том онол дэвшүүлдэг. Тэрч утгаараа энэ удаад "ТУГ"-ийн онол дэвшүүлэв.  Гэвч, С.Баярын дэвшүүлсэн таван төгөлдөршил нь ч төгөлдөршсөнгүй, С.Батболдын тарьсан “Хөгжлийн МОД” нь ч ургасангүй. Угаасаа уг МОД ургах аргагүй хөрс  нь “хуурай” байсан л даа.

Хөгжлийн бодлого тогтвортой, урт хугацааны, гарц гаргалгаатай байх ёстой, зөв. Гэвч ийм тогтвортой, урт хугацааны, гарц гаргалгаатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх цаг хугацаа, эрх мэдэл МАН-ынханд бишгүйдээ л байлаа. 2009 онд 569 сая доллар, 2010 онд нэг тэрбум 629 сая доллар, 2011 онд дөрвөн тэрбум 620 сая доллар, 2012 онд дөрвөн тэрбум 407 сая доллар гээд С.Батболдын үед орж ирсэн 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт яагаад хөгжил болж шингэсэнгүй вэ.  Яагаад МОД болон ургаж, үр жимсээ  өгч чадаагүй юм бэ. Сайн бодлого  мөнгө хоёр хосолж байж хөгжлийг бүтээж, эдийн засгийг өсгөдөг юм бол С.Батболдод мөнгө нь ч, бодлого нь ч байсан биш үү. Гэтэл хөгжил нь хаана байна?!

Улсын төсөв нь улайчихсан АН-ынхан шиг мөнгөний эрэлд хатах зовлон Ардын намынханд азаар байсангүй. Авдар нь алт, мөнгөөр дүүрч асан уул уурхайн өндөр өсөлтийн цикл дээр Ардын намынхан тэр их мөнгөөрөө  ядахнаа л “Хөгжлийн МОД"-оо усалж, тордож, ургуулж болох л байв.   Одоо харамсалтай нь, МОД нь хатаж, ТУГ хатгах  мөнгө Монголд алга. Өнөөдрийн хямрал бол өчигдрийн, бүр уржигдрийн бодлогын ужиг гэвэл сайн бодлого, их мөнгө яриад зогсч байгаа С.Батболд ч энэнд буруутай. 

 “Эх орны хишиг” нэрээр тараасан 800 тэрбум төгрөг  МОД-оо ургуулж, ТУГ-аа ч намируулж болох их мөнгө. Даанч, энэ их мөнгө орж ирсэн шигээ буцаад гараад явчихсанд Ардын нам буруутай. Учир нь мөнгөө дотоодоо шингээх, хуримтлал үүсгэх хөгжлийн том бодлого тэдэнд байгаагүй гэсэн үг.

Эдийн засгийн хямралд өнөөгийн эрх баригчид буруутай юу гэвэл  буруутай. Гэхдээ, олсны үзүүрийг нь  хөөгөөд үзэх юм бол  одоо сонгуулийн ТУГ-аа тунхаглаад зогсч байгаа Ардын намынхан дээр аваачих вий.

 Хэрэв тэд  халамжийн бодлогоо "Хөгжлийн МОД" гэж эндүүрээгүйсэн бол Чалькод, Рио-Тинтод, Эрдэнэтэд их хэмжээний өртэй үлдэхгүй байв. Баялгаасаа олсноо бодлогоор цацаагүй бол тэр их мөнгө хөгжлийн хөрөнгө оруулалт болох байв.  Өчигдрийн болон өнөөдрийн, бүр маргаашийн  зам, сургууль, эмнэлэг, хөгжил, эргээд эдийн засгийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болох учиртай тэр их мөнгийг иргэддээ ижил тэнцүү хуваах нэрээр ихэнхийг нь өөрсдөө хуваагаад хүртчихсэн нь худлаа биш шүү дээ.

Хөгжлийн бодлого гэж хүнд зүгээр мөнгө тараахыг хэлдэггүй юм. Хөгжлийн бодлого бол орж ирсэн хөрөнгө оруулалтаа оновчтой зохицуулахыг, зөв хуваарилахыг, хуримтлал бий болгохыг, зам тавьж, цэцэрлэг сургууль барьж, үйлдвэр байгуулж, иргэдээ орон сууцжуулахыг хэлдэг юм.

Зүй нь  өнөөдөр тэд Тусгаар тогтнолынхоо өргөөнд ТУГ хатгах биш, тарьсан “МОД”-ныхоо үр жимсийг үзүүлээд, ард иргэдээсээ амталгааг нь асуугаад суух ёстой байсан юм.    

       "Хөгжлийн МОД" гэж том онол дэвшүүлж байх үедээ С.Батболд энэхүү бодлогоо  “Манай улсын “Хөгжлийн мод”-ны үндэс нь өмчийн олон хэлбэрийн зохистой найрсал, гол бие нь зах зээлийн эдийн засаг, салаа мөчир нь ашиг өгөөжтэй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд, үр жимс нь хүн амын сайн сайхан амьдрал” гэж  одоогоос дөрвөн жилийн өмнө тайлбарлаж байв. Одоо тэр "МОД" нь юу болов.  Салаа мөчрүүд, үр жимс нь хаана байна. Үзье гэвэл үнс болчихсон уу?

Гэхдээ нөгөө талдаа бодлого ч үгүй, босон суун зодолдоод байгаа Ардчилсан намын дэргэд Ардын намынхан ядаж сонгуулийн ч болтугай “ТУГ” хатгаж байгаа нь яамай даа.  Мөнгөгүйн дээр   бодлогогүй сууж болохгүй биз дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна