85 настай үнэт эдлэлийн хулгайч

2015 оны 10 сарын 28

Дорис Пэйн

Фото: Jae C. Hong / AP

Үнэт эдлэл хулгайлдгаар АНУ-д хамгийн алдартай, 85 настай Дорис Пейныг (Doris Payne) баривчилсан тухай CBS46 News Atlanta мэдээлэв.

Калифорни мужийн Лонг-Бич хотын оршин суугч, 85 настай эмэгтэйг Жоржиа мужийн Атланта хотын худалдааны төвд 650 долларын үнэтэй ээмэг халааслаад дэлгүүрийн үүдэнд баригджээ. Пейн хулгай хэргээр яллагдах бөгөөд Фултон тойргийн шоронд хүргэгджээ.

Хойд Каролина мужийн цагдаагийнхан түүнийг үнэт эдлэл хулгайлсан хэргээр хайж байсан юм. Тэрээр хоёр жилийн өмнө 40 мянган долларын үнэтэй бөгж хулгайлах гээд Калифорнид баригдаж байжээ. Мөн тэр эмэгтэй Парис, Монако, Токио хотуудад үнэт эдлэл хулгайлсан хэрэг хийжээ.

Хууль хяналтынхны мэдээгээр, Пейн бүх хэргээ нэгэн схемээр үйлддэг гэнэ. Дэлгүүрт ороод олон янзын, гол төлөв очир алмазтай бөгжнүүд үзүүлэхийг гуйгаад тэднийг сонирхож байх үеэр нэгийг нь худалдагчийн нүдийг хариулж байгаад хулгайлдаг ажээ.

Хоёр жилийн өмнө түүний амьдралаар “Дорис Пейны амьдрал ба гэмт хэрэг” кино хийн Холли Берри түүний дүрийг бүтээжээ. “Бодсон зүйлээ би ямагт биелүүлдэг байсан. Хэрэв би хулгай хийхээр дэлгүүрт орсон бол гар хоосон гардаггүй” гэж 1950-иад оны эхээр хулгайчийн карьераа эхэлсэн Пейн ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна