МАН-ын захиалгаар МОХ ажилладаг гэв

2015 оны 10 сарын 28

Монголын оюутны холбоо улс төржсөн байгууллага болсныг өнөөдөр төрийн өмчит их дээд сургуулийн оюутнууд тодотгож, 64 мянган оюутанд учруулсан 700 гаруй сая төгрөгийн хохирлыг Д.Батбаяр тэргүүтэй оюутны холбооныхон барагдуулах ёстойг шаардаж, мэдээлэл хийлээ. МОХ-ны ерөнхийлөгч асан Д.Батбаяр, шинэ ерөнхийлөгч Н.Удаанжаргал тэргүүтэй МОХ-ныхон оюутны эрх ашгийн төлөө бус, МАН-ын захиалга дор үйл ажиллагаагаа явуулдаг тухай оюутнуудын төлөөлөл ярив. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, нийслэлийн удирдлагууд оюутнуудын нийтийн тээврээр зорчих хөнгөлтийн картны захиалгыг ав гэж шийдвэрлээгүй байхад Д.Батбаяр дур мэдэж 64 мянган оюутнаас тус бүр 8900 төгрөг хураан авч хувьдаа завшсан. Уг нь бол Төрийн банкны картыг үнэгүй захиалдаг. Дээрээс нь оюутнуудаас цээж зураг наалтны мөнгө гэж 2300 төгрөгийг нэмж авсан. Гэтэл өнөөдөр нэг ч оюутан цээж зураг, наалт шингээсэн нэг ч картыг тараан өгөөгүй. Энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй гаргасан алдаагаа далдлахын тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгнө, оюутнуудаа хуралдуулна гэсэн "сүржин" мэдэгдэл хийсэн. Мөн өнгөрсөн хугацаанд Д.Батбаяр тэргүүтэй хүмүүсийн гаргасан үйлдэл бүрийн ард нэг ч оюутан байгаагүй. Гэвч тэд оюутнуудын эрх ашгийн төлөө өлсгөлөн зарлалаа гэсэн намын шоу хийсэн гэж ШУТИС-ийн оюутны зөвлөлийн дарга А.Төгсбаяр мэдэгдлээ.

Уг нь энэ сарын 18-ны өдөр МОХ-ны хяналтын хороо ээлжит бус чуулганаа зарлаж, чуулганд төр, хувийн хэвшлийн сургууль нийлсэн 120 гаруй мянган оюутны төлөөлөл оролцсон байна. Чуулганаар оюутны төлөөллөө холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгохоор оюутан биш ч оюутнуудын төлөө тэмцдэг Д.Батбаяр болон түүний нөхдийг албан тушаалаас нь огцруулахад санал нэгджээ. Гэтэл Д.Батбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, тамга тэмдэгээ хүлээлгэн өгөхгүй зугтсаар байсан аж. Мөн дээрх чуулганд оролцохоор ирсэн хувийн сургуулиудын оюутны зөвлөлийн дарга нарыг дарамталж, биед нь халдсан тохиолдол ч гарчээ. Тухайлбал, ОУБДС-ийн оюутны зөвлөлийн дарга Э.Тулгабаярыг МОХ-ны гүйцэтгэх хорооны гишүүд Б.Өлзий-Од, Д.Миеэсүрэн нар зодож танхайрчээ. Эмнэлгийн дүгнэлтээр Э.Тулгабаярыг тархины доргилт, дотуур гэмтэлтэй байна гэж гарчээ. Улмаар Э.Тулгабаяр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Б.Өлзий-Од, Д.Миеэсүрэн нарыг шалгуулахаар болсон байна.

Өнгөрсөн ням гаригт болсон МОХ-ны ээлжит бус чуулганыг Д.Батбаяр их, дээд сургуулиудад суралцдаг бүх оюутнууд болон зөвлөлд мэдэгдэлгүйгээр өөрийнхөө найз нөхөд, хамаатан садан дундаа зөвөлгөөн болгон хийсэн. Зарим оюутны нэрээр өөр хүнийг тус зөвөлгөөндөө суулгасан гэж АШУҮИС-ийн оюутны зөвлөлийн дарга Н.Цогтсайхан ярив.

Өөрсдийгөө оюутны төлөөлөл гэж үзсэн хэсэг залуус ийнхүү зоригтойгоор МОХ-ны хууль бус үйл ажиллагааг дэлгэсээр байна. Оюутан биш ч, оюутны төлөө тэмцдэг Д.Батбаяр, Н.Удаанжаргал нарын ард нэг ч оюутан байхгүй. Оюутны нэр барьж улс төрждөг, МАН-ын харъяалалтай бүлэг нөхдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг одоо таслан зогсоох болсоныг онцлов. Мөн дээрх оюутнуудын ард ямар ч хамгаалалт, нам бүлэг байхгүй. Цэвэр оюутнууд, оюутнуудынхаа төлөө дуу хоолойгоо хүргэсэн гэв.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна