ЗД-ын цалинг бууруулахгүй байхыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

ЗД-ын цалинг бууруулахгүй байхыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм. Тухайлбал, сумын Засаг дарга, орлогч дарга, Иргэдийн Төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч8 дарга, баг, хорооны Засаг даргын цалинг 30 хувь бууруулахгүй байж, 1 тэрбум 319 сая төгрөгийг нэмж тусгах гэсэн санал тус хуралдаанд оролцож буй гишүүдийн 75 хувийн дэмжлэг хүлээлээ.

Мөн улсын орлогын төлөвлөгөөг 51.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн юм.

Төсөвт байгууллагын урсгал зардал/ирэх арваннэг, арванхоёрдугаар сар/-ыг 15-20 хувиар бууруулж, 8.8 тэрбум төгрөгөөр бууруулах санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг авав. Үүнд цалингаас бусад бичиг хэрэг, шуудан холбоо, тээвэр, хог хаягдал зайлуулах, нормын хувцас, багаж хэрэгсэл, тавилга, урсгал засвар, гадаад, дотоод томилолт, тээврийн хэрэгслийн оношлогоо, бусад тэтгэмж, урамшуулал зэрэг багтаж байна.

Түүнчлэн Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг гишүүдийн 92.3 хувиар дэмжив.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Орлогоо нэмэгдүүлж зарлагаа бууруулах ёстой байтал яагаад эсрэгээр нь юм хийгээд байна вэ. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 90 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсныг төсвийн тодотголоор хаслаа. Гэсэн хэрнээ нэр бүхий гуравхан компанид 80 тэрбумыг өгөх шударга юм уу. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа энэ асуудлыг шийдсэн гэх мэдээлэл бий. MCS, Очир төв гэсэн гуравхан нэр бүхий компанид 80 тэрбумыг өгснөөс цалинг нэммээр байна” гэв.

Ажлын хэсгийг ахалж ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ бол вексельтэй холбоотой асуудал. Төсвийн тодотголд энэ асуудал байхгүй учраас ажлын хэсгийн төвшинд яриагүй” гэсэн хариулт өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Вексельтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсгийг өнгөрсөн наймдугаар сард байгуулж, би ахалж ажиллаж байгаа. 280 орчим компанид хамаарах 170 тэрбумын асуудлыг судлаад нэр бүхий гурван компанитай холбоотой 77 тэрбумыг зогсоосон. Бусад компанийн мөнгийг олго гэдэг чиглэл өгсөн. Сангийн яаманд бид дүгнэлт хүргүүлсэн, тэр хүрээнд хэчнээн компанид хэдий хэмжээний мөнгө олгосон бэ гэдгийг эргэж мэдээллээр авна” гэсэн хариулт өглөө.

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж