“Гацуурт”-ын асуудлыг нэг тийш нь шийдэхийг хүсэв

2015 оны 10 сарын 28

“Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Баттулга, гишүүн П.Тэмүүжин нар “Гацуурт ба Шантаачлагчид” нэртэй хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний хэвлэлд хандах болсон шалтгаан нь “Ноён уул”-ын асуудал аж. Энэхүү төрийн бус байгууллагынхан аравдугаар сарын 10-нд газар дээр нь очиж “Ноён уул”-ын нөхцөл байдалтай танилцсан байна. Тухайн үед 80 орчим цооног ухсан, 500 гаруй нинжа гар аргаар алт олборлож байсан талаар дурдлаа. Зөвхөн алт ухахаас гадна хулгай, танхай, дээрмийн гэмт хэрэг ч багагүй гарч байгааг, мөн орон нутгийн иргэд айдастай амьдарч буйг тэд хэлэв . Тиймээс төр засаг болоод холбогдох хүмүүст нь хандаж “Ноён уул”-аа хамгаалалтанд авч, нинжа нарыг хөөж гаргах шаардлагатай байгааг сануулсан юм. “Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагаас хэрэв Монголын төр засаг Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа бол үүнийгээ УИХ яаралтай шийдвэрлэж, асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Учир нь чоно борооноор гэгчээр 70 тонн алтны сургаар газар газрын нинжа нар “Ноён уул”-ыг оготно шиг сэндийчиж байгааг газар дээр нь очиж харснаа хэлэв.

Энэ үеэр “Ноён уулаа авръя”, “Босоо хөх монгол”, “Монголын дуу хоолой” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэвлэлийн хурлын дундуур дайрч орж ирээд багагүй үймээн дэгдээв. “Та нар хэний захиалгатай хэвлэлийн хурал хийгээд байгаа юм бэ? Шантаажлагчид гэж хэнийг хэлээд байгаа юм бэ” хэмээн хашгирч, хэвлэлийн хурал хийхээр сууж байсан хүмүүсийг эрлийз хурлийзаар нь дуудав. Тэдний гаргасан дээрэнгүй үйлдэл хэвлэлийнхнийг алмайруулж, “Тэд болохоор үзэл бодлоо илэрхийлж болдог, бусад нь үзэл бодлоо илэрхийлэхээр хятад, хужаа болдог юм уу” гэсэн шүүмжлэл ч гарсан.

Хэвлэлийн хурлын дундуур орж ирсэн иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл болгож “Монголын дуу хоолой” ТББ-ын тэргүүн Ш.Түвдэнбалжираас дараах асуудлыг тодрууллаа.


-“Ноён уул”-ыг нинжа нар эзэлж байхад иргэний нийгмийн байгууллагууд юу хийж байна вэ?

-Тэднийг тарааж хөөнө гэдэг бол бидний ажил биш.

-Тэгвэл та нар нинжа нараар ухуулахыг зөвшөөрч байгаа юм уу?

-Үгүй.

-Нинжа нараар ухуулахыг зөвшөөрөхгүй байгаа юм бол өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авсан юм бэ. Ингээд эсэргүүцлээ илэрхийлж болоогүй юм уу. Өнгөрсөн зунжингаа л “Ноён уул”-ыг нинжа нар ухлаа?

-Бид холбогдох газруудад хандсан, хариу ирээгүй. Бид тэнд оролцох эрх байхгүй гэв.

“Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагынхнаас доорх асуултад хариулт авлаа.


-Та нар газар дээр нь очсон уу, тэнд нөхцөл байдал ямар байна?

-Бид аравдугаар сарын 10-ны өдөр очсон. Тэнд байдал үнэхээр хүнд байна лээ. Байгаль дэлхий сүйтгэгдээд зогсохгүй, гэмт хэргийн үүр уурхай болж. Дээрэм, хулгай, танхайн хэрэг багагүй гарч байна. Төр засаг одоо яаралтай шийдмээр байна. “Гацуурт”-ын ордыг ашиглабал хуулийн дагуу ашигламаар байна. Түүнээс баахан нинжа нараар ухуулаад уул ч үгүй хоцормооргүй байна.

-Та нарын энэ хүмүүс яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Мэдэхгүй. Бид хэнийг ч шантааж гээгүй. Гэтэл энэ хүмүүс хэвлэлийн хурал дайрч орж ирээд “шантаажлагчид гэж хэнийг хэлээд байгаа юм бэ” хэмээн давшлаад байна. Бид хэрэв ордоо ухуулбал хуулийн дагуу ухуулъя. Үгүй бол хууль хяналтынхан тэнд байгаа нинжа нар арга хэмжээ аваад өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаа. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн болохоор үг хэлэх, өлсөх, жагсах, эсэргүүцэх эрхтэй, бид болохоор үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байж болохгүй биз дээ.

Т.Давааням

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна