Монгол бизнесийн орчноороо 56-д орлоо

2015 оны 10 сарын 28

Дэлхийн банкнаас арав дахь жилдээ гаргаж байгаа бизнес эрхлэх таатай орчны дэлхийн улс орнуудын жагсаалтыг багтаасан тайлангийн дүнг АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банк группын төвөөс Монгол Улс болон Хонг Конгтой шууд холбогдон танилцууллаа. Дэлхийн банкны тайланг хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Галт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Түен Нгүен нар оролцлоо.

Өмнөх хуучин аргачлалаар 75 дугаарт жагсаж байсан манай улс шинэ аргачлалаар өнгөрсөн жил 59 дүгээр байрт орж байсан.  Харин  энэ жил гурван байраар дээшлэн 56 дугаар байрт, Ази, Номхон далайн бүсдээ 6 дугаар байрт орсон байна. 189 орныг хамарсан бизнесийн таатай орчны жагсаалтыг Сингапур улс тэргүүлжээ. Монгол Улс бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлүүдийг тууштай хийсний үр дүнд сүүлийн жилүүдэд бизнес эрхлэлтийн жагсаалтад тус улсын байр суурь тогтмол дээшилж байна гэж Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Түен Нгүен хэллээ.

Бизнес эрхлэх таатай орчны жагсаалтад дэлхийд 56-д, бүс нутагтаа 6 дугаар байрт орно гэдэг сайн үзүүлэлт. Гэхдээ энэ байрыг дээшлүүлж, бизнесийн улам таатай орчин бүрдүүлэх боломж бидэнд бий. УИХ-аас бизнес эрхлэлтийг хялбаршуулах хамгийн гол хоёр хуулиа баталж амжаагүй байна. Зөвшөөрлийн тухай хуулиар маш олон зөвшөөрлийг хүчингүй болгож, зөвшөөрлийг богино хугацаанд, хүнд суртал, шат дамжлага багатайгаар олгодог болох зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ. Хяналтын тухай хуулиар хяналт шалгалт явуулдаг байгууллагын үйл ажиллагааг тодорхой болгож, бизнест дарамт багатай, бүртгэлтэй, хяналттай болгох тогтолцоог оруулж  байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа бизнес эрхлэх орчинд ихээхэн өөрчлөлт гарч, ирэх жил манай улс бизнес эрхлэлтийн таатай орчин бүрдүүлсэн эхний 50 орны тоонд багтах боломжтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Тайлангийн танилцуулгаар Дэлхийн банкнаас шууд холбогдож байгаа Монгол Улс болон Хонг Конгийн бизнес эрхлэлтийн хялбар байдлын үзүүлэлтийг харьцуулан танилцууллаа. Шинээр бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах, эрчим хүчний хэрэглэгч болох, хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, татвар төлөх, хил дамнасан худалдаа эрхлэх зэрэг олон үзүүлэлтээр харьцуулахад Хонг Конг 83, Монгол Улс 68 оноо авсан байна. Хонг Конг улс бизнесийн таатай орчны жагсаалтад дэлхийд 5 дугаар байрт шалгарсан юм

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна