Бизнес эрхлэх орчины үзүүлэлтэнд ахиц гарчээ

2015 оны 10 сарын 28

Дэлхийн банкнаас арав дахь жилдээ гаргаж байгаа бизнес эрхлэх таатай орчны дэлхийн улс орнуудын жагсаалтыг багтаасан тайлангийн дүнг АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банк группын төвөөс Монгол Улс болон Хонг Конгтой шууд холбогдон танилцууллаа. Дэлхийн банкны тайланг хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Галт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Түен Нгүен нар оролцлоо.

Судалгаанаас үзэхэд, 2005 онд 41 улсад 20-оос доош хоногийн дотор бизнес эхлүүлэх боломжтой байсан. 2015 онд 132 улсад 20-оос доош хоногийн дотор бизнес эхлүүлэх боломжтой болсон байна. 2013 онд гаргаж байсан хуучин аргачлалаар манай улс 75-д жагсч байсан бол 2014 онд гаргасан шинэ аргачлалаар 59 дүгээр байр, 2015 онд 56 дугаар байранд жагссан байна. бизнес эхлүүлэх, зээл авах гэсэн үндсэн хоёр чиглэлд өөрчлөлт оруулсантай холбоотой ахиц гарсан гэж албаныхан дүгнэж байгаа юм. Энэ жагсаалтыг гаргахдаа 189 орныг хамруулсан. Эхний байранд Сингапур, хоёрт Шинэ Зеланд, гуравдугаар байранд Дани улс оржээ.

2014/2015 оны илтгэлд бизнес эрхлэлтийг хялбарчилсан үзүүлэлтээр эхний 50-д жагссан улс

Зүүн Ази, Номхон далайн бүсийн улсуудын бизнес эрхлэлтийг хялбар болгосон үзүүлэлт 2014/2015 онд ямар байсан бэ?

Тайлангийн танилцуулгаар Дэлхийн банкнаас шууд холбогдож байгаа Монгол Улс болон Хонг Конгийн бизнес эрхлэлтийн хялбар байдлын үзүүлэлтийг харьцуулан танилцууллаа. Хонг Конг улсад бизнес эхлэх шаардлагатай хугацаа 2014 онд 2,5 өдөр байсан бол 2015 онд 1,5 өдөр болж буурсан байна. Харин монголын нөхцөлд 2014 онд бизнес эхлүүлэх хугацаа 11 өдөр, 2015 онд зургаан өдөр болж буурсан байгаа юм. Үүнээс гадна бизнесийн таатай орчны жагсаалтад дэлхийд 5 дугаар байрт шалгарсан юм. Ийнхүү харьцуулан танилцуулхад шинээр бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах, эрчим хүчний хэрэглэгч болох, хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, татвар төлөх, хил дамнасан худалдаа эрхлэх зэрэг олон үзүүлэлтээр харьцуулахад Хонг Конг 83, Монгол Улс 68 оноо авсан байна.

Өнгөрсөн хугацаанд Зүүн Ази, Номхон далайн бүсийн бизнесийн зохицуулалт сайжирч ирсэн

Уг тайлантай танилцсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Бизнес эрхлэх таатай орчны жагсаалтад дэлхийд 56-д, бүс нутагтаа 6 дугаар байрт орно гэдэг сайн үзүүлэлт. Гэхдээ энэ байрыг дээшлүүлж, бизнесийн улам таатай орчин бүрдүүлэх боломж бидэнд бий. УИХ-аас бизнес эрхлэлтийг хялбаршуулах хамгийн гол хоёр хуулиа баталж амжаагүй байна. Зөвшөөрлийн тухай хуулиар маш олон зөвшөөрлийг хүчингүй болгож, зөвшөөрлийг богино хугацаанд, хүнд сурталгүй, шат дамжлага багатайгаар олгодог болох зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ. Хяналтын тухай хуулиар хяналт шалгалт явуулдаг байгууллагын үйл ажиллагааг тодорхой болгож, бизнест дарамт багатай, бүртгэлтэй, хяналттай болгох тогтолцоог оруулж  байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа бизнес эрхлэх орчинд ихээхэн өөрчлөлт гарч, ирэх жил манай улс бизнес эрхлэлтийн таатай орчин бүрдүүлсэн эхний 50 орны тоонд багтах боломжтой гэлээ.

Харин Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Түен Нгүен “Монгол Улс бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлүүдийг тууштай хийсний үр дүнд сүүлийн жилүүдэд бизнес эрхлэлтийн жагсаалтад тус улсын байр суурь тогтмол дээшилж байна “гэсэн юм. 

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна