Хоёр сарын хугацаанд 2 их наядыг олж чадах уу?

2015 оны 10 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд долларын ханшийг хэдээр тусгасан, мөн үлдэж байгаа хоёр сарын хугацаанд 2 их наяд төгрөгийг орлого хэлбэрээр төвлөрүүлж чадах уу гэдэг асуултыг хөндлөө.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төсвийн төсөөллийн есөн үзүүлэлтийн гол нь орлого. Эхний арван сарын гүйцэтгэлээр 2015 оны төсвийн орлого 4 их наяд юм байна. Баталж өгөх тоо 6 их наяд төгрөг. Үлдэж байгаа хоёр сарын хугацаанд 2 их наядаар төсвийн орлогыг бүрдүүлж чадах уу. Нэг сард нь 1 их наядыг төвлөрүүлнэ, чадах уу. Гааль, татвар хоёрт орлого бүрдүүлэх даалгавар өгөгдөөд энэ нь эргээд аж ахуйн нэгжүүд дээрээ дарамт үүсгэх юм болох юм биш биз.  2015 оны төсвийн тодотголыг хийхдээ зардлыг 7.2 их наяд төгрөгөөр баталж өгөх нь. Гүйцэтгэл нь одоо хэд байна вэ, хэдийг санхүүжүүлсэн байна вэ. Орлогоо бүрдүүлж чадахгүй бол зардлаа санхүүжүүлж чадахгүй, дараа нь алдагдлаа Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх болно. Эргээд Засгийн газрын дотоодын өр нэмэгдэх эрсдэлтэй. Энийгээ хэр зөв тооцоолсон бэ?

Сангийн сайд Б.Болор: Бид төсвийн тодотголыг анх өргөн барихдаа есдүгээр сарын сүүлийн мэдээлэлд үндэслэж гаргасан. Сүүлийн гурван сарын хугацаанд орлого орж ирдэг жишиг бий. Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан нэг сарын хугацаанд татварын орлогын биелэлт сайн явж байгаа. Зарлагын хувьд 5 их наяд орчим төгрөгийн зарлага гаргасан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төсвийн тодотголыг өргөн барьснаас хойш орлогын биелэлт сайн байгаа гэж хэллээ. Сайжирсан шалтгаан юу вэ. Төсвийн гүйцэтгэлийн зардал 5 их наяд. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хэдэн хувьтай гарах вэ, он дамжиж хэд нь орох вэ?.

Сангийн сайд Б.Болор: Орлогын хувьд жил бүрийн сүүлийн гурван сард 40-өөд хувь орж ирдэг. Арван сард орлого төвлөрч байна, 6 их наяд төгрөгийн орлого олчихно гэсэн тооцоолол байгаа учраас оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын ажил хийгдээд явж байна. гүйцэтгэлээрээ 50 гаруй хувьтай. Санхүүжилт явж байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Архи, тамхины татвараас 60 тэрбумыг олоод тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмнэ гэсэн мэдэлэл яваад байна. Ингэх юм уу. Оюутолгойн валют бүх банкаар ороод ханш бууна гэдэг мэдээлэл цацагдаад байна. Энийгээ тооцсон уу. Нэгэнтээ эдийн засагт 4 тэрбум ам.доллар ороод ирж байгаа юм чинь, долларын ханшаа 1000 төгрөгөөр оруулбал яасан юм. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбараас маш их орлого олох юм шиг ойлголт их гарч байна. Уул уурхайн орлого дээрээ зөвхөн сурилаад байна уу, бусад орлого дээр яриад байна уу.

УИХ-ын дарга З.Энхболд: Өөрийн чинь асуулт ирэх оныхтой холбоотой учраас хариулах шаардлагагүй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын талаар сүүлийн хоёр долоо хоногт маш буруу ярилаа. Энэ салбарт 8 жил ажилласан хүний хувьд хэлэхэд, ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллаж байсан, мэдэх учиртай. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ.

УИХ-ын дарга З.Энхболд: ОАТ-ыг нэмэгдүүлэх болон бууруулах асуудлаар санал хураалгахад оролцохгүй шүү. Та НИК-д хувьцаа эзэмшдэг бол.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Нефть импортлогчид ачаа үүрдгийг мэдэж байна, гэхдээ 13 хувийн ашигтай байгаа. Түүхий нефтийн үнэ буурсан байгаа, төр татвараа нэмээд улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа. Татвар аваад урсгал зардлыг санхүүжүүлж байна гэж байна. Тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирж байгаа. Компанийн төсвийг биш улсын төсвийн орлогоо нэмэгдүүлье гэж Засгийн газар оруулж ирсэн. Бүсийн тухайд зохицуулалт хийх боломжтой гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна