"Бодлын хулгайч" УСК “Asian World Film Festival”-д оролцож байна

2015 оны 10 сарын 28

Монголын киноны урлагийг шинэ түвшинд авчирсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Бодлын Хулгайч” кино Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай бүтээл болсныг онцолж, Азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулж буйн нэг нь “Бодлын хулгайч” кино боллоо. Тус кино фестивальд “Бодлын хулгайч” киноны продюсер, жүжигчин Б.Амарсайхан уригдаж, нээлтийн улаан хивсний ёслолд оролцжээ. Нээлтийн ажиллагаанд Америкийн болон Азийн нэрт жүжигчид, найруулагчид, кино шүүмжлэгчид оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлж байна. Б.Амарсайхан хэд хэдэн телевиз, сэтгүүлд ярилцлага өгснөөс гадна “Бодлын хулгайч” киноны хоёр өдрийн бүх тасалбар дуусч, бусад орны бүтээлүүдээс хамгийн их борлуулалттай киногоор тодроод байгаа таатай мэдээг фестивалийг зохион байгуулагчид дуулгаад байна. Амараатай хамт түүнийг Холливүүдэд төлөөлдөг "East West Production" захирал Жейсон Ма тус наадамд оролцож буй юм. “Бодлын хулгайч" уран сайхны кино Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Mongolian Academy Awards 2012” наадмаас Шилдэг зохиол, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй туслах дүр, Шилдэг зураглаач, Шилдэг дууны найруулагч гэсэн таван номинацид шалгарч, ГРАН-ПРИ шагналыг хүртэж байсан юм. Мөн “Улаанбаатар кино наадам”-аас таван категорид шагнал, мөн “Гран-При” шагналыг хүртсэн бол гурван жилд нэг удаа болдог урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал-2013” наадмаас “Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлд” олгодог дээд шагналыг гардсан. “Asian World Film Festival” найруулагч Садык Шер Ниязийн санаачлагаар Ази, Холливүүдийн кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилгоор анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тус фестивальд Азийн 50 гаруй улс кино уран бүтээл толилуулахаас 23 нь “Алтан бөмбөрцөг”, Эмми”, “Оскар” зэрэг томоохон наадмын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох эрхтэй болох юм байна. “Asian World Film Festival” тогтсон өдрүүдэд Азийн олон орноос шалгаран ирсэн кино бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах бөгөөд Монгол Улсын төлөөлөл оролцож байгаа "Бодлын Хулгайч" кино энэ сарын 28, 29-нд нийтийн хүртээл болох ба тус өдрүүдийн үзвэрийн билет зарагдаж дуусчээ.

Д.ЖАГАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна