ЧУУЛГАН: Д.Ганхуяг, Б.Чойжилсүрэн нар юу хийгээд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

ЧУУЛГАН: Д.Ганхуяг, Б.Чойжилсүрэн нар юу хийгээд байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголтой холбоотойгоор нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81.5 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр дэд сайд нарыг цомхотгох хуулийн төсөл УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүлээгээд байна.

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ холбогдох хуулиудад дэд сайдыг цомхотгохоор заасан байсан ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг татаж авсантай холбоотойгоор дэд сайдын асуудлыг дээрх байдлаар шийдэхээс аргагүй болсон аж.

Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж буруу жишиг тогтоох нь хэмээн шүүмжлэв. Тэрээр “Хуулийг нь буцаасан бол Засгийн газрынхаа төслөөс дэд сайд гэдэг юмыг авч байж, шийдэх ёстой.

Б.Чойжилсүрэн, Д.Ганхуяг нараа та нар яг юу хийгээд байна вэ. Будилсан юмнууд. Ардчилсан намд Ганхуягаас өөр гишүүн байдаггүй юм уу. Уул уурхайн асуудлаар ажлын хэсэг байгуулахад Ганхуяг, төсвөөр ажлын хэсэг байгуулахад мөн л Ганхуяг. Юм асуухаар ойлгомжгүй юм яриад үнэндээ хэцүү байна. Хуулийн заалтаас нь дэд сайд гэдэг юм аа хасч, яв. Гишүүд санаачлага гаргах байдлаар явбал замбараагүй байдал бий болно. Гончигдорж гишүүн зөв асууж байна, жич шийдүүл” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Бид төслөө татаж аваад санаачлаад оруулаад ирье гэсэн. Гэхдээ УИХ-ын Тамгын газартай яриад болно гэсэн учраас энэ зарчмыг барьсан. Бидэнд төсөл нь бэлэн байгаа. Гэхдээ дэгийн хуулиараа зохицуулбал хурдан гэсэн. Өргөн барина гээд асуудал сунжрах учраас энүүгээрээ явъя гэсэн” гэх хариулт өглөө.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын Тамгын газраас лавлагаа өгөөч ээ, үг үсгээр хөөцөлдөөд байвал ажил явахгүй” гэдгийг хэллээ.

УИХ-ын Тамгын газрын хуульч “2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төсөлд дэд сайдыг хасахаар явж байгаа. Хууль батлагдсан нөхцөлд зөрчилтэй болох учраас, хуулийн зөрчлийг арилгах үүднээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд оруулж ирсэн” гэлээ.

Дээрх тайлбарыг сонссоны дараа санал хураахад, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 81.5 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн бол бусад холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж