Нийслэл хүнд даацын замтай боллоо

2015 оны 10 сарын 28

Германы шинэ технологиор хийсэн Сонсголонгийн 5,5 км замын албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү зам нь хоёрдугаар ангиллын буюу хүнд даацын гэдгээрээ онцлогтой. Жил дамнан үргэлжилсэн тухайн замын нийт өргөн нь 24 метр. Замыг дөрвөн эгнээ гэж тооцвол тус бүр нь 3.5 мерийн өргөнтэй юм. Мөн 1,5 метр хоёр дугуйн зам, нэг метрийн хэмжээтэй хоёр явган хүний замтай баригджээ. Насжилтын хувьд 50-60 жилийн эдэлгээтэйг гүйцэтгэгч компаниуд онцлов. Бусад замуудтай харьцуулахад замын зузаан 26 сантиметрийн бетонон цутгалттай гэдгээрээ давуу болжээ. Мөн тус замд ашиглагдсан материал бүгд Монголд үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог.

Уг замын нийт төсөвт өртөг 23 тэрбум төгрөг. Үүнээс 16 тэрбум нь даацын замын өртөг бол бусад нь замыг өргөтгөх ажилтай уялдаж буй инженер дэд бүтцийн ажлын зардал юм байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг Чингис бондоос гаргажээ.

Зам барилгын ажлын явцад 120 орчим хөндлөн сэтэлгээ хийж, шаардагдах дэд бүтэц, инженерийн байгууламжуудтай уялдуулсан аж. Замын нийт уртын дагуу ус зайлуулах 8886 метр шугам хоолой, 281 ширхэг худаг болоод 237 шон бүхий гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан байна. Гүйцэтгэгч талууд хуулийн дагуу гурван жилийн дотор замын арчлалт, засварыг хариуцан хийх ёстой. Гэхдээ дээрх хүнд даацын замд гурван жилийн дотор ямар нэгэн элэгдэл гарахгүй. Замын чанарыг харуулсан бүтээн байгуулалт гэдгийг гүйцэтгэгч компаниуд тодотголоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна