Төсөв бодлого болохоос тоо биш

2015 оны 10 сарын 29

УИХ дээр гишүүд тоо боддог цаг иржээ. Зарим нэг нь ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажилгүй болоход хүрсэн дэд сайдуудыг өрөвдөн, матрын нулимс унагааж суугаа бол олонх нь “төрийн албан хаагч ч бас хүн шүү дээ” гэж халаглав.

Бие даагчдын зүгээс 80 орчим тэрбум төгрөгийг танаж болох зардлын саналаа Засгийн газар, УИХ-д гаргаж өгснийг Ц.Даваасүрэн гишүүн ярьж, О.Баасанхүү “Архи, тамхины татвараас 60 тэрбумыг олоод тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмнэ гэсэн мэдээлэл яваад байгаа”-г Сангийн сайдаас тодруулж, С.Дэмбэрэл “Гишүүний туслах ч гэсэн бусдын адил моргейжийн зээлтэй”-д  санаа тавьж, Б.Болор “Төсвийг задлах, буцааж татах хоёр зам үлдсэн”-ээ учирлаж сууна.

Хөгжлийнхөө бодлогыг зөв тодорхойлъё гэвэл улсын төсвөө алдагдалгүй батлах учиртай. Тийм болохоор “төрийн албан хаагч ч гэсэн хүн шүү дээ” гэж улстөрчид “уйлаад” байх ч шаардлагагүй юм. Дарга нарын цалин бууруулах бол бүүр гуравдугаарх асуудал. Хямралтай үед хэдэн дарга нарын цалинг хасаа л биз. Өсөөд ирэхээр нь нэмчихнэ л биз. Ардчилсан нам нь “цалин бууруулна”, Ардын нам нь “цалин бууруулахгүй” гэж хоёр талд гарчихаад маргаад байх том сэдэв биш байлтай.

Парламент дээр төсөл хэлэлцэх үеэр улстөрчид бүгдээрээ үржүүлэхийн хүрд цээжлээд, зарим нэг нь ойлгосон ч юмгүй тэгсхийгээд кнопоо дарж орхидог билээ. Гэвч, төсөв бол тоо биш юм. Хэний тойрогт хэдийг хуваарилж, хэнд хэдийг захиран зарцуулах эрх олгох гэхчилэн энгийнээр ярих юм бол найм, ес, арван оронтой тоог хувааж, хасах, нэмж, үржүүлэх асуудал огтоос биш.  Манай улстөрчид “юм үзээгүйдээ” тоо гэж ойлгоод, олон оронтой тоондоо толгой нь эргэчихдэг болохоос  улсын төсөв бол хөгжлийн том бодлого юм шүү дээ.

Бодлогынхоо буруу зөвийг УИХ шүүн хэлэлцэх ёстой. Түүнээс гишүүд төрийн албан хаагчийн зээлтэй, зээлгүйд санаа зовж, тооны том багыг яриад суух ёсгүй юм л даа, уг нь. Гэвч, манайхан л болсон хойно төсөл, мөнгө ярихаар бүгдээрээ нүд нь сэргээд, хэн яаж улс төр хийх вэ гэдгээ боддог болчихсон шүү дээ.  Өөрөөр хэлбэл, төсөв тоо ч биш, тэр тусмаа  улс төр хийдэг сэдэв ч бүүр биш. Харамсалтай нь, өнөөдөр дурын нэгэн улстөрч улсын бодлогоороо улс төр хийгээд утгыг нь жинхэнэ алдагдуулаад сууж байна. 

Ирэх жилийн төсвийн төслийг харахад Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд 981 тэрбум төгрөг  буюу ДНБ-ий 25.3 хувьтай, нэгдсэн төсвийн нийт зарлага долоон их наяд 883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьтай, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэхээр байгаа. Сүүлийн гурван жилийн төсөв алдагдалтай, алдагдал нь дандаа нэг их наяд шахуу байгаа нь бодлого чинь буруу байна гэж хэлээд байгаа хэрэг. Нэг ёсондоо Монгол Улсын хөгжлийн бодлого нь алдаатай, зөвхөн өнөө маргаашаа аргацаасан төдийхөн байна гэсэн  дохио юм.

Хөгжлийнхөө бодлогыг зөв тодорхойлъё гэвэл улсын төсвөө алдагдалгүй батлах учиртай. Тийм болохоор “төрийн албан хаагч ч гэсэн хүн шүү дээ” гэж  улстөрчид “уйлаад” байх ч шаардлагагүй юм. Дарга нарын цалин бууруулах бол бүүр гуравдугаарх асуудал. Хямралтай үед хэдэн дарга нарын цалинг хасаа л биз. Өсөөд ирэхээр нь нэмчихнэ л биз. Ардчилсан нам нь “цалин бууруулна”, Ардын нам нь “цалин бууруулахгүй” гэж хоёр талд гарчихаад маргаад байх том сэдэв ч биш байлтай.  

Төсөв хэлэлцэх үеийн хамгийн чухал нь алдагдлыг тэглэх, үгүйдээ л ДНБ-ий нэг хувьтай тэнцэхүйц батласнаараа Монголын эдийн засаг нийгэмд ямар ач холбогдолтойг бодолцох явдал. Ингэснээрээ улс төрийн зорилготой, ач холбогдолгүй хөрөнгө оруулалтуудаа зогсоож, хувийн хэвшлийг тэлэх, ажлын байр бий болох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.  Хэрэв төсөв алдагдалгүй батлагдвал бодлогын хүү буурч, бодлогын хүүг дагаад зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурвал хувийн хэвшлийнхэн зээлийн дарамтаас сална. Үйлдвэрлэл нь өсч, хөрөнгө оруулалт нь нэмэгдэнэ. Ажлын байр бий болно. Төрийн албанаас халагдсан Дорж хувийн хэвшилд ажиллах ажлын байртай болно. Хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл нэмэгдэхээр татварын бааз өргөжинө. Татварын бааз өргөжихөөр цалин, тэтгэврийг нэмж болно.  Эмнэлэг, сургууль баригдана. УИХ энэхүү гинжин урвалыг л бодолцох үүрэгтэй. Учир нь гишүүний туслахын амьдрал гишүүндээ л хамаатай байж болно. Гэхдээ улсын хөгжилтэй холбож хэлэлцээд байх нэн чухал сэдэв мөн үү.  Мөн Архангайд соёлын төв барина, Завханд зам засах ажил бол Засгийн газрын асуудал.

Тиймээс Долгорын байрны зээлэнд бодлого боловсруулж байгаа Б.Болор, эсвэл Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан санаа зовохоос УИХ-ын чуулганы танхимд суугаа хууль батлах үүрэгтэй Ц.Даваасүрэнд хамаа ч үгүй юм шүү дээ.  Жижигхээн хэрүүл хийж, том бодлогоо ард нь үлдээдэг /санаатай ч юм уу, санамсаргүйгээр ч юм уу/ тэр л жишгээр ирэх жилийн төсвийг манай улстөрчид идэвхтэй хэлэлцэж байна.

Хэрэв төсвийн бодлогыг хөгжлийн бодлого гэж хардагсан бол УИХ-ын чуулганы танхим дээр талцахаад суухаас илүү  Засгийн газрын хуралдаанаараа аль салбарын хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих вэ, алийг нь хасах вэ гэж сайд нар нь, засаг дарга нартайгаа хамтдаа суугаад ярьж, хэлэлцээд сууж байх учиртай юм. Энийг л эрүүл төсөв, цаашлаад хөгжлийн бодлого гэж нэрлээд байгаа хэрэг.

Иймээс улстөрчид “Эрдэнэт”-эд хаалга барих 300 сая төгрөгийн хэрүүлийг чуулганы хуралдаан дээр чирж авчраад хэрэлдэх биш, эрүүл мэндийн салбарт дутагдаад буй хөрөнгийг мөнгийг иргэд нь хандив гуйгаад босгох бус, Ерөнхий сайд нь популизм хийгээд сарынхаа цалинг хандивлаад сууж байхгүйгээр Засгийн газар нь бодитой, тооцоотой, оновчтой төсөв оруулж ирээд, түүнийг нь УИХ бодитой, тооцоотой бас  оновчтой  үгүйг  нь  хянаад батладаг болмоор байна. Хэрэв бодитой төсөвлөөгүй бол улстөрчид УИХ дээрээ нэмэх, хасах үйлдэл хийлгүйгээр Засгийн газарт нь буцаачихдаг байвал төсөв  нь эрүүл, хөгжлийн бодлого зөв болно гэсэн үг.

Ирэх жилийн төсөв бол ирэх гурван жилийн, бүр ирэх арван жилийн Монгол Улсын хөгжлийн бодлого байх учиртай. Ирэх жилүүдэд Монгол Улс ямар бүтээн байгуулалт өрнүүлж,  хувийн хэвшлийнхэн хичнээн ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай гарах вэ, эрүүл мэндийн салбарт ямар ахиц дэвшил гарах вэ, иргэдийнээ эрүүл мэндийг яаж хамгаалах вэ  гэдгийг ирэх 2016 оны төсөв шийдэж чаддаг байвал тэр нь хөгжлийн бодлого юм. Хөгжлийн бодлого гэдэг “ТУГ” юм уу, “МОД”-ыг хэлдэггүй. Улсын хөгжлийн бодлого бол ердөө л улсын төсөв юм шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна