10 хувиа төлөөгүй иргэдийн квотыг цуцалсан

2015 оны 10 сарын 29

“Буянт Ухаа-2” хороололд захиалга өгсөн иргэдийн квотыг цуцалж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.

-“Буянт Ухаа-2” хороололд захиалга өгсөн иргэдийн квотыг цуцалсан гэх мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

-“Буянт Ухаа-2” хорооллын эхний ээлжинд орж буй 1620 айлаас тодорхой хэмжээний квотыг аж ахуйн нэгж, бусад албан байгууллагад хуваарилсан. Үүний дагуу тодорхой шалгуур тавьсан. Нэгдүгээрт, тухайн албан байгууллага, байр авсан иргэдийнхээ нэрсийг 20 хоногийн дотор ирүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, нэрсээ ирүүлснээс хойш 10 хоногийн дотор урьдчилгаа 10 хувиа төлөх ёстой. Энгийн иргэдэд ч гэсэн ийм шаардлага үйлчилж байна.

 

Гэтэл зарим аж ахуйн нэгжийн зүгээс дээрх шаардлагаа бүрэн хангахгүй байна. Тиймээс энэ Даваа гаригаас квотыг нь цуцалж эхэлсэн. Ингээд цуцлагдсан квотыг иргэдэд нээлттэйгээр олгохоор болсон.

-Нэг талаас 10 хувийн урьдчилгааны асуудал бүтэхгүй болох хандлагатай учраас квотоо цуцалж эхэлсэн гэж хардах хэсэг байна?

-Энэ бол ташаа ойлголт. Арван хувийн урьдчилгаа бүхий зээлийн хувьд, Засгийн газрын тогтоол аль хэдийн гарсан. Дээр хэлсэнчлэн аж ахуйн нэгжийн зүгээс тодорхой шаардлагуудыг цаг тухайд нь биелүүлээгүй учраас квотыг нь цуцалсан.

-Хэдэн хүний квотыг цуцалсан бэ?

-200 гаруй байрны квотыг цуцаллаа. Квот цуцлагдсан талаар мэдээлэл иргэд авсан байна. Суларсан квотыг авах хүсэлтэй иргэд ихээр хандах болсон.

-Тэгвэл квотыг дахин цуцлах уу?

-Зарим аж ахуйн нэгжийн ажилтнуудынхаа нэрсийг өгөх, урьдчилгаа төлбөрөө төлөх хугацаа ирэх долоо хоногоос дуусна. Энэ хугацаандаа амжиж иргэдийн нэрс, орон сууцны урьдчилгаа төлбөрөө хийхгүй бол квотыг нь цуцална. Зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй иргэдийн квот ч гэсэн ийм шаардлагаар цуцлагдах тохиолдол бий.

-10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийн хувьд квот цуцлагдах асуудал байхгүй биз дээ?

-Ямар ч асуудалгүй. Квот нь цуцлагдана гэсэн ойлголт байхгүй. Харин байрны сонголт нь баталгаажаад улсын комиссын акт, үл хөдлөхийн гэрчилгээ гарахаар байрандаа орно.

-Сүүлийн үед “10 хувийн урьдчилгаатай зээл гаргах боломжгүй. Энэ шийдвэрээ Засгийн газар буцаана” гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил. Тогтоолтой холбогдуулан байгууллагуудтай хамтарсан гэрээ хийж байна. Энэ асуудал дээр удааширч байгаа болов уу гэсэн ойлголттой байна. Түүнээс биш 10 хувийн урьдчилгааны асуудлыг буцаалаа гэсэн шийдвэр гаргаагүй шүү дээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна