Урсгалаар салхинд туугддаггүй, хөгжлөөр баримжаалсан төсөв хэрэгтэй

2015 оны 10 сарын 29

Үндэснийн хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбайгальтай төсөв, эдийн засгийн төлөвлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх жил алдагдалгүй төсөвтэй болно гэж зарим нь ярьж байна. Энэ хэр зэрэг бодитой бол?

-Одоо төсвийг агшаагаад огт алдагдалгүй төсөвтэй болно гэдэгт эргэлзэж байна. Үндэсний хөгжлийн хүрээлэн Урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг боловсруулахдаа яваандаа төсвийн тэнцлийг эерэг болгоно гэж тусгасан. Яг шууд 2016 оноос алдагдалтай төсөвтэй болгоно гээгүй. Тэгэхдээ л үүний тулд эрмэлзэж ажиллах нь зөв байх.

-Сүүлийн үед төсөв алдагдалтай гарч байна. Энэ юунаас болов?

-Төсвийн алдагдал 2008 оноос хойш жил бүр давтагдаж, оны сүүлийн хагаст эдийн засагт ч бас энэ байдал нь сөргөөр нөлөөлөх боллоо. Төсвийн алдагдал 2008, 2009 онуудад 12, 14.6 хувь, 2012 онд 17.8 хувь, 2014 онд 12 хувьд хүрлээ.

2012 оны жишээгээр бол эдийн засгийн өсөлтийг ДНБ-ний 19.7 хувь байна гэж хийсвэрээр тооцсон. Эдийн засгийн өсөлтийг бодитойгоор биш, олон улсын дундаж жишгээс даруй 4 дахин өндрөөр тооцож байна шүү дээ. 2013, 2014 онуудад ч бас л бодитой тооцож чадсангүй.

Хоёрдугаарт, аль ч улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь дунджаар 4-өөс 6 хувь байдаг. Гэтэл эдийн засгийн өсөлтөө тооцохдоо гадны хөрөнгө оруулалтыг гол хүчин зүйл болгож тооцоод тэр нь манайхаас ч биш, дэлхийн эдийн засаг дахь эрэлт, үнийн хэлбэлзлээс болж орж ирэхгүй хойшлоход л төсвийн орлого тасарч байна.

Гуравдугаарт, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын бууралтыг урьдчилан зөв тооцоогүй нь нүүрс, зэсийн үнийн уналтыг урьдчилж тооцоогүйгээс харагдаж байна.

Дөрөв дүгээрт, улс төрийн амлалтуудыг биелүүлэхийн тулд урьдчилж авсан орлогыг эдийн засгийн тооцоогүйгээр зарцуулсны гор одоо л гарч байна.

Эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалт зэрэг урьдчилан тодорхойлох боломжгүй xүчин зүйлсээс xэт xамааралтайгаар тооцохын оронд аль болоx дотоодын нөөц боломжид тулгуурлан бодитоор тооцоx нь зөв.

-Монгол Улсын төсөв жил бүр л алдагдалтай гарч, эдийн засгаа хойш чангаагаад байна гэж та хэллээ. Үүнийг яаж залруулах вэ?

-Эдийн засгийн нэгдмэл бодлого дутмаг байна. Төсвийн дунд хүрээний мэдэгдэл зөвхөн төсвийн хүрээгээ л хамардаг. Үүнтэй хамт дунд хугацааны санхүү эдийн засгийн бодлого төлөвлөлт зайлшгүй чухал. Дунд хугацааны бодлого урт хугацааны бодлогын хүрээнд л тодорхойлогдоно. Урт, дунд богино хугацааны ийм шаталсан төлөвлөлт хийгдэхгүй байгаагаас мөнгөний бодлого, сангийн бодлого өөр хоорондоо уялдахгүй байна.

Урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлого тодорхойгүй, эдийн засгийн бодит нөхцөл байдал, боломж бололцоонд тулгуурлаагүйгээс энэ нь төсвийн төлөвлөлтөд баримжаа болж чадахгүй байна.

-Таныхаар бол төсвийн дунд хүрээний мэдэгдэл дангаараа хангалтгүй гэсэн үг үү? Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч бас байгаа шүү дээ.

-Өрийн эргэн төлөлт, татварын тогтолцоо, төсвийн бодлого, эдийн засгийн бүтцийн шинэчлэл зэрэг олон асуудлыг хамтад нь авч үзсэн уялдуулсан дунд хугацааны эдийн засгийн төлөвлөлт зайлшгүй шаардлагатай. Ингэж байж эдийн засгийн нөөц бололцоогоо үр ашигтай хуваарилна. Ингэж байж урт хугацаанд хөгжинө.

Жишээлэхэд, сангийн бодлого эдийн засгийн бусад бодлоготойгоо уялдахгүй байна. Татварын систем шинэчлэгдээгүйгээс одоогийн далд эдийн засгийг ил болгож, бүртгэлжүүлж, жижиг дунд үйлдвэр, бизнес, үйлдвэрлэлээ дэмжиж чадахгүй байна. Татварын ялгавартай тогтолцоо сул хэрэгжиж байна.

Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, зарим импортын бараанаас хараат байдлыг бууруулах, экспортын баримжаатайгаар хөгжүүлэх ажлууд хийгдэхгүй байна.

Бүхэлд нь аваад үзвэл Засгийн газруудын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийг л гол болгоод, улс орон хорин жил, гучин жилийн дараа хөгжлийн ямар түвшинд хүрэхийг тооцохгүй байгаа байдал ажиглагддаг. Чухамдаа энэ дөрөв, дөрвөн жилийн өөр хоорондоо уялдаагүй, төлөвлөлтүүд л эдийн засгийг савлуулж туйлдуулаад байна. 

Ийм нөхцөлд урт хугацааны хөгжлийн бодлогоо яаралтай баталж, дунд хугацааны эдийн засгийн төлөвлөлтийг хийх, тэгэхдээ өрийн эргэн төлөлт, далд эдийн засаг, үйлдвэржилт, жижиг дунд бизнесээ дэмжих, макро эдийн засгийн үндсэн тэнцлүүдээ эрүүлжүүлэх асуудлыг хамарсан, нарийн судалгаа үндэслэлтэй төлөвлөгөөг, болж өгвөл Засгийн газрын дөрвөн жилийн мөчлөгтэй давхцуулахгүйгээр, зөрүүлж хийх нь зөв болно. Засгийн газруудын мөрийн хөтөлбөр өөр хоорондоо уялдаатай байж байж л үйлдвэржих, экспортоо өсгөх, эдийн засгаа төрөлжүүлэх зэрэг урт хугацааны зорилтууд биелнэ.

Төсвийн боловсруулах явцын хөндлөнгийн хяналт үнэлгээний, гүйцэтгэлийг хянаж, сайжруулах, үр ашгийн мониторинг хийх механизм үгүйлэгдэж байна. Болж өгвөл төсвөөс ялангуяа хөрөнгө оруулалтад зарцуулж буй төгрөг бүрийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох, төрийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний механизмыг шинэчлэх шаардлагатай юм.

-Төсвийн шинэчлэл гэж төсвөөс цалин хасахыг л хэлээд байгаа. Энэ тухайд таны бодол..?

-Монгол улсын  Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын төсвийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах явцад  улс орны  нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратеги, урт хугацааны болон дунд хугацааны бодлого төлөвлөлтийг үндэслэл болгох, улсын төсвийн агуулга, бүтэцтэй хэрхэн уялдуулах тухай  тухайлсан тодорхой заалт, чиглэл үндсэндээ байхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд 5.1.6-д “Төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэж зааснаас бус хөрөнгө оруулалтуудыг нийгэм эдийн засаг дахь үр өгөөжөөр нь эрэмбэлээд хамгийн их ач холбогдолтойгоос нь эхэлж санхүүжүүлнэ гээгүй. Хөрөнгө оруулалтын шалгуур бүрхэг, тодорхойгүй байна. Ийм болохоор үр ашигтай л гэж үзвэл хэн зүтгүүлж чадсан нь хөрөнгө оруулалтаа батлуулдаг болжээ.

Төсөвт реформ хийх цаг нь болсон. Тэгэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох биш сайн судалж, улс орны цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь чухал байна. Урт дунд хугацааны бодлогоо тодорхой болгох, төсвийн гуч хүртэл хувийг үе шаттайгаар хөтөлбөрт суурилсан хэлбэр рүү шилжүүлэх гээд хийх ажил их бий. Үүний хажуугаар анхаарал болгоомжтой хандах асуудлууд ч  их бий. Хэт хэлбэр хөөгөөд, сүүлд нь нөхөж баршгүй гарз хохирол авчрахаас болгоомжлох хэрэгтэй.

Зарцуулалтын үр ашиг, бүтээмжийг огт хөндөж ярихгүй байна. Заавал байх төрийн үйлчилгээнүүд бас бий. Жишээлбэл, 2010-аас 2013 оны хооронд Монгол Улсын хүн амын тоо жилд дунджаар 2.2 хувиар өсч байхад төрийн үйлчилгээний албаны ажилчид буюу эмч, багш нарын тоо жилд дунджаар 1.9 хувиар өсч байна. Энэ нь энэ салбарын ажиллагсдын тооны өсөлтийн хувь хүн амын өсөлтийн хувиас хоцорч байгааг харуулж байна.

Урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхой болгож батлаад, эдийн засгийн дунд хугацааны төлөвлөлтийг сайн хийж чадвал тэр л эдийн засгийн үндсэн гол реформ болох шинжтэй. Төсвийн реформ бол үүний хүрээнд л авч үзэж, хөндөх асуудал. Урсгалаар салхинд туугддаггүй, хөгжлийн нуруугаа л гол болгосон төсөв хэрэгтэй байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна