Цалинг 30 хувиар хасах биш 80 хувиар нэмэх ёстой

2015 оны 10 сарын 29

АН-ынхан амлалтандаа хүрдэг бол цалинг 30 хувиар хасах биш 80 хувиар нэмэх ёстой

УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 2015 оны төсвийн тодотголын талаарх Монгол Ардын намын бүлгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.


            Улсын Их Хурлын дарга,

            Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг нягтлан үзэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс гаргасан ДҮГНЭЛТИЙГ Та бүхэнд танилцуулъя.

1. Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар: Төсвийн хүрээний мэдэгдэл нэр төдий цаас болон хувирлаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 3 дахь удаагаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголдоо нийцүүлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээ засдаг гаж тогтолцоог эрх баригчид шинээр бий болголоо. Энэ нь манай улсын төсөв тооцоо судалгаа, бүх ард түмний нийтлэг эрх ашиг дээр биш эрх баригчдын бүлэг фракцийн ашиг сонирхол дээр тулгуурладаг болсны нэг том нотолгоо болж байна. Мөн эрх баригчид төсөв, эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй, нэгдсэн бодлогогүй, тулгарсан хүндрэлийг ойлгох чадамжгүй, хүндрэлээс гарах арга зам, шийдлийг олж чадахгүй болсныг ард түмэнд давхар харууллаа. Саяхан дурдсан АН-ын дүгнэлтэд төсвийн алдагдал 2011, 2012 онуудад 6-гаас дээш байсан тухай өгүүллээ. Тэр үеийн эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөө эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулан үзэх чадвар эрх баригчдад эрх биш байгаа болов уу гэж бодож байна. Тэр үед бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцүүлэн төсвөө баталдаг байсан. Тэгэхдээ тухайн үеийн эдийн засаг тэр үеийнхээ алдагдлыг дааж чадах тийм чадвартай эдийн засгийг бий болгосон байсан учраас төсвийн алдагдлыг тэр хэмжээндээ төлөвлөж байсан юм. Харин өнөөдөр эсрэгээрээ тооцох юм бол төсвийн алдагдлаа нөхөж чадах чадваргүй болсон эдийн засагтай ч гэсэн алдагдлаа өнөөдөр өндөр хэмжээнд байлгасаар байгаа нь нэн харамсалтай байна.     

Нэгдсэн төсвийн орлого жилийн эцэст 1 их наяд орчим төгрөгөөр тасрах нь тодорхой байна. Харамсалтай нь төсвийн алдагдлыг дөнгөж 25,7 тэрбум төгрөгөөр бууруулан 1 их наяд 179 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй гэж бид үзэж байгаа юмаа. 

2.Төсвийн орлогын талаар: Өнөөгийн хямрал 1996-2000 оны үеийн нийгэм, эдийн засгийн хямралтай дүйж очиж байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн 3 жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Манай улс шилжилт хийсэн ерээд оны эхэн үед ч, эдийн засгийн хямралын үед ч олон жилээр, ийм их хэмжээний мөнгөөр төсвийн орлого тасарч байсан түүх байхгүй. 1996-2000 оны үеийн нийгэм, эдийн засгийн хямралтай өнөөгийн хямрал дүйж очиж байна. Хор хохирол, нийгэмд үзүүлэх нөлөөллөөрөө давж гарлаа. Ийм байдалд хүрэхэд эрх баригч намын бодлогын алдаа гол нөлөөлөл үзүүлсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна.

Үүнд гол нөлөөлөл үзүүлсэн зүйл нь аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан явдал юм. Тухайлбал, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжийн тоо 9 сарын байдлаар 65711-д хүрч, өмнөх оны мөн үеэс 9632  буюу 17,2 хувиар нэмэгдлээ. Татвар төлдөг, олдог, үржүүлдэг аж ахуйн нэгжүүд ээлж дараалан дампуурлаа зарлаж байна. Улс эх орныхоо эдийн засгийг ийм байдалд хүргэчихээд төсвийн орлогыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож байгаа нь туйлын эрүүл бус хандлага гэж үзэж байна. Ийм бодитойгоор тооцоогүй орлогыг оруулахын тулд татвар бүрдүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчдад өндөр төлөвлөгөө тавигддаг, түүнийг биелүүлэх гэж хувийн хэвшлийнхнийг шахдаг, хувийн хэвшлийнхэн байхгүй мөнгийг өгч чадаагүйн төлөө торгуульд унадаг гэдгийг ойлгохгүй байна гэж үү хэмээн та бүхнээс асуумаар байна. Ард түмний өмнө асуусан энэхүү асуултандаа хариулт болгож хэдэн зүйлийг та бүхэнд хэлэхийг хүсч байна. Та бүгдийн бий болгож байгаа олон давхар  дарамт орлого олох гэсэн биш авлига хүнд суртлыг өөгшүүлж, баялаг бүтээгчдийг сөхрүүлэх үр дагаварт хүрнэ гэдгийг анхааруулан сануулж, энэхүү эрүүл бус хандлагаа засч залруулж дараах  шаардлагыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

  1. 2013 оноос хойш хуримтлагдсан өрөөс 325 тэрбум төгрөг барагдуулах тооцоог дахин хянаж бодит байдалд нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна

  2. Ганц ч татвар нэмэхгүй гэж ард түмэндээ амласан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хэлсэн үгэндээ хүрээч ээ! Төрийн данхайсан бүтэц, орон тоо, борооны дараах мөөг шиг олширсон сайд, дарга нарынхаа зардлыг танаач ээ! Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн жил гаруй хугацаанд 60 гаруй хувиар уналаа. Үүнийг дагаад ОХУ 49 хувиар, БНХАУ 41 хувиар, АНУ 16 хувиар, Хонконг 43 хувиар, Вьетнам 28 хувиар, Швед 29 хувиар, Герман 30 хувиар шатахууныхаа үнийг бууруулжээ. Гэтэл Монгол Улс импортын бензин, түлшний үнийг бууруулахгүй харин ч онцгой албан татвар болон гаалийн албан татварыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг нөхөх хуулийн төсөл өргөн барьж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Тиймээс энэ хуулийн төслөө нэн даруй эргүүлэн татахыг шаардаж байна. Төсвийн хэмнэлтийг жирийн төрийн албан хаагчдаас биш өөрсдөөсөө эхэл. Ард түмний нуруун дээр татвар хураамж нэмж халаасыг нь хоослох биш дарга нарын тансаг хэрэглээг хумихыг санал болгож байна. "Ард түмний мөнгийг хэмнэе" гэж гарч ирсэн эрх баригчид хэлсэндээ хүрч ард түмнийхээ мөнгийг хэмнэхийг санал болгож байна.

3. Төсвийн зарлагын талаар: МАН цалин бууруулахыг дэмжихгүй

Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн зарлагыг 530 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоо оруулж иржээ. Ард иргэд 2012 оноос эхлэн бүгд бүсээ чангалан идэх хоол, өмсөж зүүхээ хязгаарлан хямралыг сөрөн ажиллаж, амьдарч байхад Засгийн газрын сайд, дарга нарын тансаглал хэрээс хэтэрч, үрэлгэн зардал гаарсаар байна. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үрэлгэн зардал олон түмний нүдэн дээр ил болж тэднийг илт бухимдуулах боллоо. Та бид 3000 орчим төрийн албан хаагчийнхаа цалинг 30 хүртэл хувиар бууруулж 1.8 тэрбумыг хэмнэх тухай ярьж байхад хогны ногоон уутанд 12.7 тэрбумыг, ажилладаггүй Рэйлбусанд 8 тэрбумыг, буцалтгүй тусламжид 1.2 тэрбумыг зарцуулж байгаа тухай шилэн дансаар ил болж үүнийг ард түмэн эрс эсэргүүцэж байна. Бид иймэрхүү тансаглал, буруу зарцуулсан мөнгөө хэмнэж ард түмний цалинг хасахын эсрэг байгаагаа албан ёсоор дахин дахин мэдэгдэж байна.  

Засгийн газрын санхүүгийн чадавхи эрс муудаж 2014 оны 7 дугаар сараас эхлэн дотоодын зах зээл дээр гаргасан бонд, үнэт цаасыг хүссэн хэмжээгээрээ арилжиж чадахаа байлаа. Монголбанк Засгийн газрын үнэт цаасыг худалдаж аваагүй тохиолдолд, энэ оны эцсээс эхлэн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь тавьж чадахгүй байдалд хүрэх эрсдэл хүлээж байгааг эрх биш эрх баригчид минь ойлгож байгаа байх гэж найдаж байна.

  1. Та бүхэн 2012 онд ард түмний саналыг авахын тулд "Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ" гэж амлаж сонгогдсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 80 хүртэл хувь, төгрөгийн худалдан авах чадвар 40 хувиар буурсан байна. Ганцхан жишээ дурдахад, 2012 онд "Атар" талх 650 төгрөг байсан бол одоо 1150 төгрөг болж 77 хувиар өсчээ. Ийм байхад өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг ердөө 10 хүрэхгүй хувиар л нэмсэн байх юм. МАН-ын бүлгийн гишүүдийн шахалт санаачилгаар энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор тусгасан 90 тэрбум төгрөгийг эрх баригчид төсвийн тодотголдоо хасаж орууллаа. Тэр ч бүү хэл эдийн засгийн хямралд буруу өгч төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах санаачилга дэвшүүллээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. –т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь .... цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Та бүхэн амлалтандаа хүрдэг бол ард түмний цалинг 30 хувиар хасах биш 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх  эдийн засгийн ийм цаг үетэй тулгарсан гэдгийг та бүхэнд анхааруулж байна.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байхыг дахин дахин та нараас шаардаж байна.  

Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэн 25 жилийн түүхэнд төрийн албан хаагчдын цалинг бууруулах санаачилга гаргаж байгаагүй. Та бүхний эрх барьж байсан 1996-2000 оны хооронд төрийн албан хаагчдын цалинг хугацаанд нь өгч чадахгүй хэдэн сараар хүлээлгэдэг байсан түүх давтагдах гэж байна. Энэ түүхээсээ сургамж авч алдаа дутагдлаа засч залруулж, МАН-ын бүлгийн гишүүдээс гаргаж байгаа санал санаачилгыг хэрэгжүүлж ажиллахыг та бүхэнд зөвлөж байна. Бас ард түмний цалинг бараа бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан нэмнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг ч дахин шаардаж байна.

  1. Орон нутгийн хөгжлийн санд  2013 онд 221 тэрбум төгрөг, 2014 онд 250 тэрбум төгрөг, 2015 онд 127 тэрбум төгрөг буюу нийт 600 шахам тэрбум төгрөгийг төвлөрүүлэн зарцуулсан боловч үр дүн нь туйлын хангалтгүй байгаагийн зэрэгцээ хууль зөрчсөн олон үйлдлийг Үндэсний аудитын газрын тайланд дүгнэсэн байна. Авлигатай тэмцэх газар ч орон нутгийн сангийн зарцуулалт анхаарал татаж байгааг дүгнэх боллоо. Тиймээс эдийн засгийн хямралтай үед төсвийг төвлөрүүлэн 2015 онд орон нутгийн хөгжлийн санд олгогдоогүй үлдсэн 40 тэрбум төгрөгийг улсын төсөвт үлдээн зарцуулах,

  2. Цалингаас бусад тэвчиж болох тансаг хэрэглээ, урсгал зардлыг дахин 15-20 хувь бууруулах,

  3. Сайд нараас бусад яам, агентлагийн албаны унаа унах эрхтэй албан тушаалтны  шатахууны зардлыг 100 хувь, гар утасны зардлыг 50 хувиар бууруулах,

  4. Төрийн өмчийн мэдлийн эзэмшиж, ашиглаж байгаа нийт автомашины 20 хувь буюу 1083 ширхэг жийп машин байна. Тухайлбал, "Жийп машин унахгүй" гэж ард түмэндээ амласан Л.Гантөмөр сайдын мэдэл, харьяа байгууллагуудад л гэхэд 33 том оврын жийп байна. Л.Гантөмөр сайд таныг ард түмэнд амласандаа хүрч жийп машинаасаа хамгийн түрүүнд татгалзахыг санал болгож байна. Төрийн мэдэлд байгаа эдгээр тансаг зэрэглэлийн автомашинуудыг худалдан борлуулах замаар урсгал зардлыг бууруулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

4. Төсвийн хөрөнгө оруулалтын талаар: Ажил үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг олгохыг шаардаж байна

Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилт 2013 онд 454 тэрбум төгрөгөөр, 2014 онд 352 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ. Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 хувьтай байна.           

Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого алдагдсаны зэрэгцээ төлөвлөлт, зохион байгуулалт, хариуцлагагүй байдлаас болж төсвийн худалдан авах үйл ажиллагаа суларсан байна. 2015 оны төсвийн тодотголоор  баталж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн, гүйцэтгэл нь хэвийн олон төсөл арга хэмжээний санхүүжилтийг өгсөнгүй. Хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэж, аж ахуйн нэгжүүдээ санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа ухаангүй алхмаа засаж, ажил үйлчилгээгээ хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг он дамжуулалгүй нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг  шаардаж  байна.

“Чингис” бондын үлдэгдэл байсаар атал ажлаа гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн санхүүжилтийг нь олгохгүй удаашруулж ойлгомжгүй байдал үүсгэлээ. “Чингис” бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь ойрын хугацаанд эргэж төлөгдөхгүй авто зам, Нийслэлийн дэд бүтцийн төсөлд зарцуулагдсан тул төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг дахин боловсруулах шаардлагатай гэж бид үзэж байна.

5. Засгийн газрын өр, зээлийн талаар: Монгол Улс орлогынхоо 50 хувийг өрөнд өгдөг улс боллоо

Эрх баригчдын төсөв, мөнгөний алдаатай бодлогын уршгаар өр зээлийн хэмжээ сүүлийн 3 жилд огцом нэмэгдсэнийг улс даяараа гайхан шуугиж байна. Жирийн иргэнээсээ эхлээд төр засаг хүртлээ бүгд өр зээлийн сүлжээнд амьдардаг боллоо. Төсвийн тодотголд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрийг 34,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 731,1 тэрбум төгрөгт хүргэсэн нь нэгдсэн төсвийн урсгал зардлын 12,7 хувьтай тэнцэж байна. Дөрөвхөн жилийн өмнө үүнээс 20 дахин бага мөнгийг өрийн төлбөрт өгч байв. Зээлийн хүүн дээр Засгийн газрын гадаад, дотоод зээл, үнэт цаасны үндсэн төлбөр болох 2,3 их наяд төгрөгийг нэмж тооцвол Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 50 орчим хувийг өр, зээлд өгөх нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс орлогынхоо 50 хувийг өр зээлийн хүүд өгөх боллоо. Үлдсэн 50 хувиар цалин, тэтгэврээ тавьж, сургууль, цэцэрлэгээ барьж, замаа засаад амьдарч чадах уу гэдэгт эрх баригч та бүхнээс хариу өгөхийг хүсч байна. Байдал ийм байхад Засгийн газрын төсвийн тодотголоор 2015 онд гаргах Засгийн газрын үнэт цаасны хэмжээг дахин 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 2,8 их наяд төгрөг болгох хариуцлагагүй хуулийн төсөл өргөн барьжээ. Сонгуулийн дараа тэнгэр ниргэсэн ч яахав гэсэнтэй адил хоноцын сэтгэлээр Монгол Улсыг өрийн далайд живүүлж болохгүй. Эрхэм эрх баригчид аа! Үүнийгээ бодоорой.

Засгийн газрын бондын үлдэгдэл 3 их наяд хүрлээ. Энэ нь банкны системийн зээлийн үлдэгдлийн 25 орчим хувьтай тэнцэж байна. Банк, санхүүгийн салбарын зээлийн эх үүсвэрийг энэ хэмжээгээрээ хязгаарлах боллоо. Засгийн газрын дотоод зээлийн хүүгийн дарамтыг бууруулахын тулд нэгдүгээрт, төсвийн алдагдлыг эрс багасгаж шинээр нэмж өр үүсгэхийг хязгаарлахыг шаардаж байна. Хоёрдугаарт, дотоод үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулах талаар шийдвэртэй арга хэмжээ авахыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс дахин шаардаж байна.

6. Нийгмийн даатгалын сангийн талаар: Хоёр хүнд зориулж 820.4 саяар барилга барьж болохгүй

Нийгмийн даатгалын сангийн орлогыг 196,3 тэрбум төгрөгөөр бууруулж 1 их наяд 222,4 тэрбумаар, сангийн зарлагыг 61,8 тэрбумаар нэмэгдүүлэн 1 их наяд 546,6 тэрбум төгрөгөөр төсвийн тодотголд тусгажээ. Эдийн засгийн хямралаас үүдэн олон мянган аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоож байгаагаас үүдэн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого жил дараалан тасалддаг боллоо. Тухайлбал, 2014 оны гүйцэтгэлээр 151,0 тэрбум, 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр мөн л 150 гаруй тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна. Тодруулбал:

  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг үр ашигтай байршуулах замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах боломжтойг манай намын бүлгээс удаа дараа санал болгосоор ирсэн. Эрх баригчид ахмад буурлуудаа бодохоос илүүтэй өөр ашиг сонирхолдоо хөтлөгдөн хийх ёстой үндсэн ажлаа хийж чадахгүй байна. Өнөөдөр өндөр насны тэтгэвэр авагчдын 80 гаруй хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байна. Гэтэл холбогдох яамны шийдвэрээр тус сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгаламжийн хүүнээс 4-5 хувь бага хүүтэйгээр байршуулжээ. Энэ байдалдаа дүгнэлт хийж, МАН-ын бүлгийн гишүүдийн тэтгэврийн хүү бууруулах санаачилгыг ажил хэрэг болгохыг та бүхэнд зөвлөж байна.

  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалт 2012 оноос хойш 5,2 дахин нэмэгдэж, үр ашиггүй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн улмаас сангийн хөрөнгө зорилтот эзэндээ очихгүй байна. Тухайлбал,

  • Хоёрхон ажилтанд зориулж 2015 онд Архангай аймгийн Хайрхан суманд Нийгмийн даатгалын тасгийн барилгыг 820,4 сая төгрөгөөр барьсан,

  •  2015 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын гадна хашаа  хайс барихад 230 сая төгрөг зарцуулсан байх юм.

Иймд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд хайр гамгүй хандаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцъё. Мөн энэхүү сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулах замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулж ахмадуудын амьдралд дэм болъё. Энэ сангийн мөнгөөр босгох барилга, байгууламж, тоног, төхөөрөмжийн төсөвт өртөг, санхүүжилтийг эргэн харж, энэ төсөвт суусан зохимжгүй зүйлүүдийг хасахыг санал болгож байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, эрх баригчид сая хэлж байна. Ардын нам ажил хийлгэхгүй байна гэж. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гарч ирсэн сайд маань өнөөдөр эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ. Үнэхээр энэ бодит амьдрал дээр өнөөдөр хэн нь төрийн ажлыг явуулахад саад болж байгааг эрх баригчид эрхбиш өөрсдөө гадарлаж байгаа болов уу? гэж бодож байна. Өнөөдөр төсвийн  тодотгол, төсөв хоёроо зэрэгцүүлэн оруулж ирж, үр ашигтай, бодитой тооцоо хийхийн оронд ер нь УИХ-аар оруулаад гаргана, олонхиороо түрий бариад батална гэсэн ийм үндсэн зарчмаар ажиллаж байна. Ингэж болохгүй ээ. Төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад онцгой дэглэм тогтоож, тодорхой хугацаанд төвлөрүүлэн захирах шаардлагатай байна.

 Та бид төсвийн тодотголыг хэрхэн батлахаас 2016 оны улс орны эдийн засаг, төсөв мөнгөний бодлого ихээхэн хамаарах болно. Тиймээс сэхээнд орсон эдийн засгаа хамгаалахын тулд иргэд, аж ахуйн нэгжийн хөлс, хүчээр бүрдсэн төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахын тулд орлого, зарлагыг бодитой тооцон Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ийн 2-3 хувиас хэтрүүлэхгүй байхыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ШААРДАЖ байна.

 

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна