Сирийн яриа хэлцэлд Иран оролцоно

2015 оны 10 сарын 29

 

Вена хотод баасан гаригт /Х.30/ болох Сирийн зөрчилд улс төрийн шийдэл олох зорилготой чуулга уулзалтад Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф оролцох болжээ. АНУ-ын оролцоотой Сирийн яриа хэлцэлд ерөнхийлөгч Башар аль-Ассадын холбоотон Иран улс уригдсан анхны тохиолдол боллоо. Түүнчлэн чуулга уулзалтад ОХУ, Саудын Араб, Туркийн төлөөлөгчид оролцох аж. Мөн Египет, Иракийн тал уулзалтын урилгыг хүлээж авснаа мэдэгджээ.  

 

Ираны талаас Сирийн засгийн газарт дөрвөн талт төлөвлөгөөний дагуу шинэчлэлт явуулахыг уриалж байгаа юм. Үүнд Сирийн нэгдсэн засгийн газрыг байгуулах, үндсэн хуулиндаа шинэчлэлт, өөрчлөлт хийх, чөлөөт сонгууль явуулах зэргийг багтаасан байна. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас зайлуулахын төлөөх зөрчил мөргөлдөөнд 2011 оноос хойш 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, 11 сая орчим хүн орон гэрээ алджээ.

 

Үүний зэрэгцээ ОХУ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн 118 байршилд цохилт өгсөн талаар батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

Иран болон Саудын Арабын дайсагнасан байдал Ойрхи-Дорнодын зөрчлийг улам гүнзгийрүүлж байна хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна