Дуучин А.Хишигдалай "Дууяа"-гийн дүрийг бүтээнэ

2015 оны 10 сарын 29

Өнөөдөр Улаанбаатар хотын 376 жилийн түүхт ойн өдөр тохиож байна. “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклыг өнөөдөр 19.00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.


Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай бүтээхээр боллоо.

Залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлал, амьдралын эхлэл түүнээс залуус ямар үлгэр авч өнөөгөө хэрхэн дүгнэж байгаа үйл явдлын өрнөлөөр нийслэл Улаанбаатар хотын түүх болон түүний нандин уламжлал, шинэ агуулга амьдралын хэв маягийг өгүүлдэг уг мюзиклд дуучин Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн болон Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар тоглох юм.

Мөн олны хэсэгт Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэх ба бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Д.Мөнхболд гүйцэтгэж, найруулагчаар ОХ-ны Буриад улсын Төрийн Шагналт Олег Юмов ажиллаж байна.

Энэхүү мюзикл 2015/10/29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ердөө ганцхан удаа тоглох гэж байна. Уг мюзиклыг Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор анх нээж, гурван өдрийн турш Улаанбаатар чуулгаас үзэгчдийн хөл тасраагүй юм.

Харин энэ удаа нийслэлийн ойд зориулан тоглох тус мюзиклын гол дүрд Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай, дуучин Г.Тэнүүн нар тоглох бөгөөд дүрүүдэд авьяаслаг дуучин залуус, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцон тоглоно.

Тус мюзиклд нийслэлийн тухай “Сайн байна уу Улаанбаатар минь?”, “Хотын гэрэлт гудамж”, “Улаанбаатарын үдэш”, “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” болон олны дунд хэдийнэ түгсэн “Хайртай хүндээ”, “Хүлээлт”, “Рашаантын 18”, “Хос залуус” дуунуудыг дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав, М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар дуулж амилуулах нь ээ.

Мюзиклын нэгэн үзэгдэлд залуусын сонсох дуртай “Хүрч чадахгүй” дуугаа дуучин Б.Чойжоо дуулж хүргэх нь бас нэгэн “сюрприз” болж байна.

“Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклыг 2015.10.29-ний Пүрэв гарагийн 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглоно. Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна