Цалин бууруулахгүй байхыг дэмжлээ

2015 оны 10 сарын 29

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы төгсгөлд асуулт асуух гишүүд нэрсээ өгсөн. Өнөөдөр энэ дарааллын дагуу тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 2015 оны 11 сарын 15-ны дотор 2016 оны улсын төсвийг батлах ёстой. Гэтэл бид бие биендээ үг шидээд өдөр хоногыг өнгөрөөгөөд байж байхуу. Тэгээд нэг ярихаараа цалин хасна гэх юм. Цалин хасаад 1,8 тэрбум хэмнэнэ гэлээ. Гэтэл 128 тэрбум төгрөгөөр барилга, байшин барина гээд оруулаад ирчихсэн байна шүү дээ. Цалин хасах нь зөв үү эсвэл байшин бариад, хашаа хайс татаад явах нь зөв юм уу.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Энэ төсөв хямралын төсөв мөн үү гэж асууж байх шиг байна. Энэ төсөв хямралын төсөв биш. Хямралын үед ямар төсөв байх вэ гэдгийг бид сайн ойлгоогүй байх шиг байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төсвийг буцаах ёстой гэж би үзэж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд юу ч хийхгүй байна. Ерөөсөө орлого нэмэгдүүлэх тал дээр ажиллахгүй байна.

Гишүүд асуулт асууж тайлбар авсны дараа Төсвийн байнгын хороогоор дэмсэн ажлын хэсгийн санал дээр санал хураалт явууллаа. Санал хураалтаар сумын засаг дарга нарын цалинг хасахгүй байх, төрийн өндөр дээд албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байх саналыг төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт дэмжлээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд төсвийн тодотголыг нийтдээ дөрвөн удаа авч хэлэлцэж байсан юм.

Үүний дараа хөрөнгө оруулалтын зардал нэмэх дөрвөн саналыг байнгын хороогоор дэмжиж УИХ-аар хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх саналаа татаж авах хэрэгтэй. Нийтдээ 10 гаруй тэрбум төгрөг болж байна. Д.Ганхуяг гишүүнээ та саналаа буцаагаад авчих улсын төсөв нэмэгдэл зардлаа дийлэхгүй. Тиймээс энэ саналаа татаж аваач гэж гуйж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Би ганцаараа татах эрх байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Обект шинээр нэмэгдүүлж байгаа нэг ч юм байхгүй. Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулаад ажил нь хийгдээд эхэлцэн ийм дөрөвхөн асуудлыг яриад байна. Хөрөнгө оруулалтын зардал нь 2015 оны төсөвт суучихсан шүү дээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна