Авлигачид ялах уу, ардчилал ялах уу?

2015 оны 10 сарын 29

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ Монголын парламент өршөөх үү, эс өршөөх үү? гэдгийг өнөөдөр эцэслэнэ.

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоороо өршөөл нигүүлсэл үзүүлэхээр наймдугаар сард зарласан ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг парламент баталсан. Гэвч, тус хуулийн долоон зүйл заалтад Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авснаас хойш уг асуудал улс төрийн хүрээний төдийгүй олон нийтийн, бүр гадаадынхны анхаарлыг татаж байна.

Өршөөлийн хуульд тавьсан хоригийг 11 зүйл заалт болгон дээр гишүүд саналаа өгнө. Гол нь энэхүү чуулганы хуралдаан олон нийтэд нээлттэй, ид тод болох ёстой. Учир нь монголчууд хэн нь авлигачдад хайртай, хэн нь ардчилалд хайртайг өнөөдрийг чуулганы хуралдаанаас харах боломжтой юм. Энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх чуулганы хуралдааныг УИХ дарга өөрөө даргалахаар болж буй.

Чуулганы хуралдаан эхлэхэд гишүүдийн ирц 51,3 хувьтай байсан. Харин Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр хэн хэн өвчтэй, хэн чөлөөтэй, хэн хэн томилолттой, хэн хэн картаа сугалаад гүйж гарахыг өнөөдөр харцгаая.

Авлига, албан тушаалтны хэрэгтнүүд бол бидний хүүхдээс цэцэрлэг сургуулийг нь, мөн эмнэлэг, замыг маань, улсын хөгжлийг маань улаан цагаан хулгайлсан хулгайлагчид шүү дээ.

Хүнлэг, энэрэнгүй нийгэм гэж авлигчдыг өршөөхийг хэлдэггүй юм. Хүнлэг энэрэнгүй нэрийн дор авлигачдыг өршөөхөө ардчилал гэж тодорхойлдоггүй юм. Улсын хөгжил, хүүхдийн боловсрол, иргэдийнхээ эрүүл мэндийг хулгайлсан авлигачдаа өршөөвөл Монгол Улс духан дээрээ  “хар тамгатай” үлдэнэ. УИХ авлигачдаа уучилж, өршөөлөө гэхэд дэлхий Монголыг маань “өршөөхгүй” болно.  Тиймээс хэн хэн, хэн хэнийгээ өршөөхөөр улайран тэмцэхийг ӨНӨӨДРИЙН ЧУУЛГАН -аас хараарай.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна