Төрсөн өдрийн мэнд UB

2015 оны 10 сарын 29

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож, нийслэлчүүд бүтээн байгуулалтаараа бахархаж байна. Э.Бат-Үүл захирагчтай шинэчлэлийн багийнхан гурван жилийн хугацаанд олон амжил амжуулжээ. Зөвхөн энэ хугацаанд баригдсан шинэ авто зам 100.93 км-ээр яригдаж байна. Зах зухаас нь дурдвал Баянзүрхийн товчооноос Богд-Уулын араар тойруулан Яармагийн гүүр хүртэлх 17,1 км шинэ авто зам, Нисэх, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто зам, Өлзийт хорооллоос- Биокомбинат-Шувуун фабрик чгилэлийн 9.06 км авто зам, 40 жил хүний гар хүрэлгүй эвдэрч сүйдсэн хойд чиглэлийн зуслангийн замуудыг шинээр барьжээ. Нөхөөс тавихаас хэтэрдэггүй байсан авто замууд олон улсын жишигт хүртэж, зарим гүйцэтгэгч компани барьсан авто замдаа 60 жилийн баталгаа өгч байна.

Хог хаядалтай тэмцэхэд шинэ менежмэнт нэвтрүүлж, хот нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийх болов. Хувийн хэвшлүүдээ хөдөлгөж чадвал орчин үеийн загвар бүхий автобусны шинэ буудалтай болж болохыг 117 бүхий байршил харуулж байна.

Гэр хорооллыг барилгажуулах ажил ч хувийн хэвшлийнхэнтэй хамтран далайцтай өрнөсөөр. Одоогоор нийслэлийн найман дүүргийн 37 хороонд орон сууц баригдаж байна. Нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 876 айлын орон сууц ашиглалтад оржээ. Үүнээс гадна ахмадууд зориулан түрээсийн орон сууц барьж байгаа юм. Ахны барилга 2013 онд ашиглалтад орж, 300 ахмад уг орон сууцанд санаа амар амьдарч байгаа бол удахгүй 132 айлын орон сууц ашиглалтад орно. Эдгээр орон сууцыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, байгуулж байна. Одоо ашиглалтад орох орон сууцанд амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүлүүд, төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана.

Дулааны шугамын хүчин чадал өмнөхөөсөө 30 хувиар нэмэгдсэн бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин шугамуудыг энэ зун шинэчиллээ. Эдгээр шугамуудад 20 жилийн баталгаа өгсөн нь энэ хугацаанд засвар үйлчилгээ шаардагдахгүй болсон гэсэн үг.

Нийслэлээс алслагдсан сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангахад хот ч мөн анхаарч, төрийн болон хувийн өмчийн 33 дунд сургуулийг автобустай болгожээ. Нийт 125 автобусаар 3000 гаруй сурагч зорчиж байгаа юм. Гурван ээлжээр хичээллэн харуй бүрий болсон хойно хичээлээ тардаг сурагчдад сургуулийн автобус хамгийн найдвартай унаа болж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаанд 14 сургууль шинээр барьж, 10 сургуулийг өргөтгөсөн бол 34 цэцэрлэг шинээр баригдаж, 10 цэцэрлэгийг өргөтгөжээ.

Авто машины грааш байсан газарт ч цэцэрлэг баригдсан.

Хүй долоон худагт Монгол наадам цогцолбор баригдсан бол их хотын ачааллыг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” баригдаж байна. 5542 авто машины зогсоолын талбайтай авто худалдааны цогцолбор нь орчин үеийн стандарт хангасан бүтээн байгуулалт юм.

Ийн тоочвол бүтээн байгуулалтын ажил олон өрнөжээ. Улаанбаатар хотыг дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэлийн нэг болгохоор ажиллаж байгаа хотынхондоо баярынх нь өдөр талархал илэрхийлье. Олон олон бүтээн байгуулалтын ажлыг хийгээрэй гэж бас урам хайрлая.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна