Хариуцлага нэхсэн малчдын зөвлөгөөн

2015 оны 10 сарын 29

Сэтгүүлч:
Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Малчдын уламжлалт гуравдугаар зөвлөгөөн энэ сарын 6-наас 15-ны өдрүүдэд бүх суманд зохион байгуулагдлаа. Өнгөрөгч зун Алтай нутаг бороо хуртай, газрын гарц сайтай байснаас мал тарга хүч сайтай, малчид сэтгэл тэнэгэр намаржиж байна. Тааруухан байх сургаар нь ирэх өвлийг хэрхэн хохиролгүй давах талаар малчид харилцан туршлага солилцох сайхан боломж тохиосон нь малчдын зөвлөгөөн байсан юм. Малчид харилцан туршлага, мэдээлэл солилцсоноос гадна тулгамдаж буй асуудлаа ярилцан нэгтгэж, төрийн түшээдээ сонсголоо. Үүний зэрэгцээ аймаг сумандаа ажил хөдөлмөрөөрөө шалгарсан шилдэг тэргүүний малчид маань засгийн газрын болон зохион байгуулагчдын нэрэмжит шагналаар энгэрээ мялааж урлаг соёлын үйлчилгээндч хамрагдаад амжсан юм. Говь-Алтай аймгийн Малчдын зөвлөгөөн дөрвөн жил тутамд болдог бөгөөд УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж санаачлан ивээн тэтгэж, “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллага зохион байгуулдаг. энэ арга хэмжээгээр малчид хөдөө аж ахуйн чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн алдаа оноог дэнслэн хэлэлцсэн. Сүүлийн жилүүдэд төрийн бодлогын буруугаас малын гаралтай түүхий эдийн үнэ хэт унасан, ноосны урамшууллыг олгохгүй байгаа, залуу малчид хот орон бараадсанаас залгамж халаа багассан зэрэг асуудлуудыг УИХ-ын гишүүндээ учирлаж байна.

Ингээд 2015 оны Говь-Алтай аймгийн малчдын зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдоржоор дамжуулан төрд хүргэхийг хүссэн Алтайн нутгийн малчдын санал бодлыг тоймлон хүргэе.

Мал, түүхий эдийн үнэ яагаад унав?

Говь-Алтай аймагт нас гүйцсэн эр хонь 120 мянга, эр ямаа 60 мянган төгрөгийн ханштай байна. Харин эм хонь 80 мянга, эм ямааг бүр худалдаж авахгүй, худалдаалахгүй байна. Цагтаа хонины нэхий 20 мянга, ямааны ноолууртай арьс 30 мянгад хүрч байжээ. Харин өдгөө хонины нэхий 2500 төгрөг, ямааны 13 мянган төгрөгийн ханштай байна. Тэгвэл малын болон түүхий эдийн үнэ яагаад унах болов гэдгийг малчид хамгийн ихээр мэдэхийг хүсч байлаа.

Монгол Улсын Засгийн газар 2015 оны нэгдүгээр сард малын гаралтай түүхий эдийг боловсруулалгүйгээр хилээр давуулахыг хориглосон тогтоол гаргасан байна. Энэхүү тогтоол үйлдвэржилт, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Гэвч өдгөө монголын арьс ширний үйлдвэрүүд түүхий эдээ их хэмжээгээр боловсруулж чадахгүй байгаагаас үүдэн үнэ нь хямдарчээ. Хэрвээ Засгийн газар энэхүү тогтоолоо эргэн харж, засч залруулахгүй бол цаашид ч малын болон түүхий эдийн ханш өсөх боломжгүй тухай тэд хэлж байна.

Ноосны урамшууллыг олгохгүй байна

2015 онд Монгол Улсын Засгийн газраас хонины ноосны урамшууллыг чанараас нь шалтгаалан ялгавартай олгохоор болсон юм. Ингэснээр нарийн болон нарийвтар ноостой хонины тоо толгойг нэмэгдүүлж, үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зэрэг эдийн эерэг нөлөөтэй гэж Засгийн газар үзсэн юм. Энэхүү журам ёсоор Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймагт үржүүлж буй хонины нарийн, нарийвтар ноосны кг тутамд 2000, харин бүдүүн ноост буюу нутгийн монгол хонины ноосны кг тутамд 1000 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тогтсон юм. Гэвч одоог хүртэл малчид ноосны урамшууллаа авч чадаагүй байгаа гэнэ. Тиймээс малчид хонины ноосны урамшууллаа хэзээ авч болохыг ихэвчлэн асууж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн хувьд энэ асуудал улсын төсвийн орлого тасарч байгаагаас үүдэлтэй бөгөөд урамшууллыг олгуулах тал дээр байр сууриа зохих газарт нь хүргэнэ гэлээ.

“Малчдын тэтгэвэрт гарах насыг нэмэх биш хасах ёстой”

Энэхүү хүсэлтийг Говь-Алтай аймгийн малчдын зөвлөгөөн зохион байгуулсан сум бүрт иргэд хөндөж байсан. Малчид бол цаг байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд цаг наргүй ажил эрхэлдэг гэдгийг бүгд мэднэ. Тиймээс тэдний ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцож тэтгэврийн насыг нэмэх биш харин багасгаж тогтоож өгөөсэй гэж хүсч байгаагаа хэлсээр байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар мал төрийн хамгаалалтад байдаг бол малчид нь нийгмийн үйлчилгээнд зөв зохистой хамрагдаж чадахгүй байгааг зөвлөгөөний үеэр онцоллоо.

Залуу малчдын залгамж яагаад тасрахад хүрэв?

Монголын төр малчдын залгамж халаа багасч буй талаар ярьж, санаа тавих болсон. Тэгвэл залуу малчид цөөрөх болсон шалтгаан нь өнөөгийн боловсролын тогтолцоотой холбоотой. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүд зургаан настайдаа элсэх болсон. Тэгвэл орон нутагт ээж, аав нь бараг нялхаараа үрсээ сургуульд суулгахдаа хэн нэгэнд даатгах хүсэлгүй, шинэ сурагч маань ч айл хунар, дотуур байраар амьдрахаас дургүйцдэг аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ авч өөрсдөө сумын төвийг барааддаг болсон нь залуу малчид цөөрөх үндсэн шалтгаан болжээ. нэг нь хүүхдээ авч суманд, нөгөө нь малаа хараад хөдөө суудгаас хамаарч гэр бүл салах шалтгаан болсон тохиолдол ч цөөнгүй гэнэ. иймээс боловсролын тогтолцоогоо нүүдлийн мал аж ахуйтай зөв хослуулах шаардлага байгааг хэлж хөдөө нутаг эзэнтэй байх нь үүнтэй холбоотой хэмээн учирлах хүн олон байлаа.

“Нам, талцлаа зогсоо”

“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэдэг. “Аймагт дарга солигдоход суманд төрийн албан хаагч солигддог явуургүй тогтолцоо Говь-Алтай аймагт бий боллоо. Сүүлийн жилүүдэд нам ярьж талцах явдал газар авсанаар нийгмийн тэр ч бүү хэл эрүүл мэндийн үйлчилгээ авахад ч хүндрэл учруулдаг болсоныг иргэд хэлж байна. Орон нутагт төрийн албан хаагчид нь ард түмнийхээ бус намынхаа төлөө ажилладаг болсоныг зөвлөгөөний үеэр малчид хөндлөө. Угтаа бол жирийн малчид нам, талцлын золиос болох ёсгүй. Малчид өөрт оногдсон ажлаа үлгэр жишээ хийж, өдийг хүрснээр Монгол Улс нь малтай, хүн ам нь гэдэс цатгалан яваа. Тиймээс малчдынхаа үзэл бодлыг сонсч, төрийн бодлогодоо нийцүүлэх явах зүйтэй гэдгийг Говь-Алтай аймгийн малчид зөвлөж байлаа.

Ийнхүү Говь-Алтай аймгийн малчдын гуравдугаар зөвлөгөөн бүх суманд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 5000 гаруй малчид иргэд хөдөлмөрчид хамрагдаж, тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх боломж буй талаар илэн далангүй ярилцсан юм. Малчид хамгийн гол нь төр засгийн холын харсан оновчтой бодлого шийдвэр дутмагшиж, улс төржилт, хариуцлагагүй байдал газар авсан, малчид эдийн засгийн хямралд сөхрөөд байгааг газар бүрт шүүмжилж байна. Уул уурхайн баялгаас дутахааргүй нөхөн сэргээгдэх баялаг болсон мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлэх дээрх санал санаачлагуудыг ажил хэрэг болгохыг тэд хүсч байна.

Б.ОЙНБИЛЭГ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна