Харвалтад нөлөөлдөг хүчин зүйл

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Харвалтад нөлөөлдөг хүчин зүйл

Харвалт “залуужсаар” байна. Ийм үг иргэдийн дунд тархжээ. 20, 25 насандаа, цэл залуухнаараа харвалтаас болж хорвоог орхих, хөдөлмөрийн чадвараа алдах явдал гарах болсон талаар ярьж байна. Тэгвэл харвалт үнэхээр залуужсан уу гэдэг асуултад мэргэжлийн эмч нарын зүгээс ч “тийм” гэх хариултыг өгч байна. Чухам юунаас болж харвалт залуужиж байна вэ? Энэ асуултад улсын Нэгдсэн төв эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч, Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан ингэж хариуллаа.

Иргэдийн хэвшил, өдөр тутамдаа хийж буй дадал, зан үйлтэй холбоотойгоор харвалт залуужиж эхэлжээ. Ялангуяа тархины харвалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголд 100 мянган хүн ам тутамд 290 хүн шинээр харвалт өгч байна гэх тооцоо бий. Эдгээр 290 хүний 49 нь нас бардаг аж. Харин 100 хүн харвасан тохиолдолд 80 нь хөдөлмөрийн чадвараа алддаг байна.

Харвалтад нөлөөлдөг хүчин зүйл:

Өөх тостой хоол, архи, тамхины хэрэглээ, стресс, хөдөлгөөний дутагдал, даралтын тогтворгүй байдал зэргээс үүсдэг. Нэгэнт монголчууд өөх тостой хоол идээд сурсан нөхцөлд харвалт өвчнөөс өөрсдийгөө хэрхэн сэргийлэх вэ?

Мөн иргэдийн хувьд даралтаа тогтмол хянаж сурах нь харвалтаас сэргийлэх томоохон хөшүүрэг гэв. Цаашлаад өөх тостой хоол, архи, тамхинаас аль болох татгалзах. Цусны өөх тосоо хянаж сурах, зүрхний хэм алддаг бол эмчийн хяналтад цус шингэлэх эм тогтмол уух хэрэгтэй. Мөн харвалтын талаархи ойлголт, мэдээллээ энгийн үед нэмэх нь үүнээс сэргийлэх том гарц юм байна.

Тэгвэл тархины цус харвалтыг бусад өвчнөөс хэрхэн ялгаж таних вэ?

Хараа гэнэт муудах

Хацар гэнэт муруйх

Хөл гар гэнэт сулрах

Хэл гэнэт тультрах эдгээр шинж тэмдэг илэрвэл хурдан 103 дуудах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Өнөөдөр Харвалтын эсрэг дэлхийн өдөр тохиож байгаа юм. Тиймээс иргэдэд харвалтын талаар ойлголт мэдлэг түгээж, урьдчилан сэргийлэх арга замыг түгээх өдөрлөгийг улсын Нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулж байна. Энэ үеэр иргэдэд дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Энэ өдөрлөгийг зөвхөн улсын Нэгдүгээр төв эмнэлгээр зогсохгүй улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Гол нь залуусын хувьд харвалт гэдэг зөвхөн өндөр настай, өвөө, эмээ нарын өвчин гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. Ялангуяа Монголын нөхцөлд жил ирэх тусам харвалт өвчин залуужиж байгаа учир одооноос амьдралын зөв дадал хэвшлийг бий болгож, мэдээлэлтэй байх нь энэ өвчнөөс сэргийлэх томоохон гарц гэдгийг эмч нар зөвлөж байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж