Нэг галт тэргийг хагас тэрбумаар тохижуулжээ

2015 оны 10 сарын 29

Жишиг галт тэргийг Улаанбаатар төмөр замынхан тээвэрт нэвтрүүлжээ. Жишиг гэдгийн учир нь иргэд галт тэргэнд нэг удаа сууж, буухдаа гол нь биш гэдгийг төмөр замынхан онцлов. Гол нь иргэдийн ая тухтай байдал, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжоор хангаж буй учраас жишиг хэмээн нэрлэжээ.

Ингэж тохижуулахын тулд нэг галт тэргэнд хагас тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ удаад Улаанбаатар-Замын Үүдийн чиглэлийн галт тэргийг тохижуулжээ. Ингэхдээ галт тэргэнд интернэт орчныг бүрдүүлсэн гэв. Мөн 00-ын өрөөнд душийг нэмж байрлуулсан байна. Рестораны хувьд тохижилтыг сайжруулаад зогсохгүй захиалгын болон түргэн хүнс худалдаалдаг болжээ. Мөн зорчигчид галт тэргэнд явж байхдаа караокедох боломжийг бүрдүүлсэн байна.

Эхний ээлжинд Замын Үүдийн чиглэлийн галт тэргийг ингэж тохижуулжээ. Дараагийн ээлжинд бусад чиглэл, олон улсын галт тэргийг ч жишиг хэлбэрт оруулна гэв.

“Галт тэргийг тохижуулах нь сайн хэрэг. Гэвч үүнийг дагаад тасалбарын үнэ нэмэгдэнэ” гэх айдас иргэдэд бий. Тэгвэл “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарын хэлснээр “Галт тэрэгний тасалбарын үнэд нөлөөлөхгүй” гэдгийг мэдэгдэв.

Улаанбаатар төмөр замын галт тэрэгний дарга Д.Ганбаатарын хувьд өнөө өглөө жишиг галт тэргээр зорчигч аялуулаад иржээ.

Энэ чиглэлд нийтдээ 25 галт тэрэг цуваанд явдаг. Үүний найм нь тасалгаат буюу купе, харин 14 нь унтлагын галт тэрэг юм байна. Өдөртөө л гэхэд Улаанбаатар- Замын Үүд- Улаанбаатар чиглэлд 1000 орчим хүн галт тэргээр аялдаг гэх судалгаа байдаг аж.

Төмөр замаар зорчигчдын ая тухыг хангах бас нэгэн ажил нь автомашины зогсоолыг үнэ төлбөргүй болгоход чиглэсэн гэв. Галт тэрэгний буудлын авто машины зогсоол иргэдэд төлбөртэй үйлчилдэг. Тэгвэл иргэд галт тэрэгний тасалбар түгээгүүр, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн талоноо үзүүлээд автомашинаа үнэгүй байрлуулах нөхцөлөөр удахгүй хангана гэв.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна