Өршөөлийн хууль батлагдлаа

2015 оны 10 сарын 29

16.28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 91.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Хууль батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих болж байна.

Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим иргэн шоронгоос суллагдана.

Мөн олон сарын турш нийгмийг талцуулаад байсан асуудлууд нэг тийш боллоо. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй болж хуульчлагдлаа. Харин бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулахаар болж байна.


16.08

Авлига, албан тушаалтны хэргүүдийг өршөөхгүй боллоо

Х.Тэмүүжин: Энэ хэлэлцүүлгийг харахд гурван юм ажиглагдаж байна. Хуулийн байгууллагын алба хаагчид нийтийн байгууллагад биш тодорхой албан хаагчдад, тодорхой бүлэглэлд үйлчилээд байна гээд байна. Энэ үнэн байж магадгүй.

Хууль бусаар хөрөнгөжих гэсэн саналыг өршөөнө гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалаа. Чуулганы хуралдаанд 69 гишүүний оролцож,  ихэнх нь хууль бусаар хөрөнгөжсөн хэргийг өршөөхөөргүй болов.

 Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн хамгийн сүүлийн буюу зургаа дахь зүйл заалтаар санал хураав. Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийг өршөөхөөргүй болов.  Ийнхүү Эрүүгийн хуулийн 150.3-аас бусад  зүйлийг өршөөхөөргүй болов.


15.55:

Бусдын эд хөрөнгийг завшсаныг өршөөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Тухайлбал, дээрх хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулахгүй гэж заасан заалтыг Хууль зүйн байнгын хороо өршөөнө гэсэн байна. Үүнийг Д.Ганбат, Ц.Нямдорж нар өршөөхгүй болгож цөөнх болсон ч байнгын хорооны дэмжигдсэн саналыг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингэснээр бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, завшихыг өршөөлд хамруулахаар боллоо.


15.51:

Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр заалтыг өршөөхгүй боллоо

Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.

Авлигын асуудлаар буюу Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу Гурав дахь саналаар санал хураалт явуулахаар болов. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр санал хураав

Ц.Даваасүрэн: Авлигын асуудлыг ингээд цэг тавьчих юм шиг яриад байна.

Д.Ганбат: Дэмжээгүй саналыг дэмжээд явах юм.

Эрүүгийн хуулийн 236-г өршөөхгүй гээд байнгын хороо руу оруулсан чинь санал дэмжээгүй. Энэ 263-ыг өршөөхгүй гэвэл кноптоо хүрэхгүй, өршөөе гэвэл кноптоо хүрнэ. 69 гишүүн оролцож, гуравдугаар санал буюу Эрүүгийн хуулийн 263 заалт өршөөсөнгүй. Эрүүгийн хуулийн 264 зүйл мөн өршөөгдөхөөргүй боллоо.


15.20:

Залиланг өршөөлд хамруулахгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж санал хураалтыг нууцаар явуулахыг хүсэв.

Үүнд УИХ-ын дарга З.Энхболд: Ганцхан тохиолдолд нууцаар санал хураалт явуулж болно, УИХ-ын даргыг сонгоход. Тийм учраас хардлагын л нэмэр болох болов уу даа. Цөөнх үг хэлэх үү. Одоо саналаа хураая.

Санал хураалт явуулахад залилангийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн заалт олонхийн дэмжлэг хүлээлээ.

Үүний дараа дээрх хуулийн 148.4 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, өршөөлд хамруулахгүй гэсэн Ц.Нямдорж нарын гаргасан саналаар санал хураахаар болсон юм.

Энэ үед УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Энэ хууль наймдугаар сарын 11-17-ний хооронд хүчин төгөлдөр байсан хууль. Гэтэл одоо өршөөгдсөн хүмүүс хэрэгтэн болоод явж байна, тийм учраас энэ хуулийг батлахад яаж батлагдсан билээ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл, энэ асуудлыг шийдэхдээ хуулийг нэмж болно. Тухайн хүн дээр өршөөлийг үзүүлэхэд эрх зүйн байдлыг дордуулахгүй, өршөөлд хамруулахгүй гээд гаргаг. Шүүх хэлэлцэхэд өмнө нь хүчин төгөлдөр байсан хуулийг баримтлаад хэлэлцэнэ. Эцсийн үр дүн адилхан, хуулийг буцааж хэрэглэх үндэслэл журмыг нарийн заасан.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хүмүүс ярьж байснаасаа ухардаг юм байна. 8000 хоригдолтой холбоотой асуудал байсныг улстөржүүллээ. Дээр нь эрх зүйн байдлыг нь дордуулсан байдлыг оруулж ирж хэлэлцүүллээ.

Ё.Отгонбаяр гишүүнийг нэр цохож хэлье, Р.Гончигдорж та хоёрын хэн нь авлигач вэ гэвэл өөрөө шүү. Бусдыг залилсан хэрэг дуусаагүй байгаа, 2016 оны сонгуулийн өмнө таны энэ хэргийг шалгана. Миний хэрэг болж байвал бусад нь боллоо гэж битгий бод.

8000 хүнд хамааралтай болохоос тань шиг хүнд хамааралтай биш. УИХ, Засгийн газрын гишүүнд хамааралгүй гэж хашгираад гаргахгүй яасан юм. Өөрийнхөө төлөө бөгс долоож явж байгаа юм байна. би таны өмнөөс эмгэнэл илэрхийлье гэлээ.

Н.Алтанхуяг: Мөн өршөөв өө дөө чааваас. Бид нар гэж бид нар. Шийдвэр гаргаж чадахаа больчихсон юм байна. Би хоёр жил Ерөнхий сайдын ажлыг хийсэн. Би одоо хажуунаас нь харж байна. Монголд хүний эрх дээд хэмжээгээр зөрчигдөж байна. Хүний эрхийг дээдлэх үүднээс миний санаачлан өргөн барьсан хуулийг ахиад шидчихлээ ш тээ. Гацууртын асуудлаас илүү хүний эрхийн асуудал чинь чухал биш юм уу. Хүний эрхийн асуудлаа яриач, З.Энхболд дарга аа. Алт мөнгөнд ийм шуналтай болчихсон юм уу. Би эцэг, хүний хувь эр хүний хувьд монгол хүний хувьд эмзэглэж байна. 1937 онд хэлмэгдүүлээд бууддаг байсан бол одоо авлигач цол хүртээгээд хилсдүүлдэг болсон. Саяны нүүрсний хэргээс харахад гэмгүй хүнийг шүүхээр шийтгэдэг юм байна. Нүүрсний хэргээр хэрэг үүсгээд шоронд хорьж, хорьчихоод нүүрсний хэрэг үүсэхгүй болохоор нь татварын хэргээр яллачихлаа.

Ц.Оюунбаатар: Монголын нийгэм туйлдаад одоо авлига гэдгээр улстөрчид бие биенээ намнадаг асуудлыг арилгах гэсэн хуулийг одоо хэлэлцэж байна. Цөөхөн монгол бие,биенээ намнадаг, зэвсэг болгохдоо авлига гэдэг үгийг ашигладаг болж.

Хүн алдсан ч бай, албан тушаалаа зөрчсөн ч бай энэ нь хүнд гэмт хэрэг, онц ноцтой гэмт хэргээс илүү хохиролтой, хор хөнөөлтэй биш. Энэ бол урдахаа мартаж урагшаа харж явъя гэсэн хууль. Өнөөдөр ийм завхрал гаргаж байгаад харамсч байна. Иргэний шүүхээр шийдэх юмыг онц ноцтой залилангийн хэрэг гээд сууж байна. Иргэд хоорондын асуудлыг АТГ хянадаг болох гээд сууж байна. Хуулийн завхралыг зогсооё.

Х.Тэмүүжин: Энэ хуулийг анх санаачлахдаа татвар төлөгчид, баялаг бүтээгчдийг өршөөе, жирийн иргэдээ өршөөе. Хуулийн хатуу буулга, Н.Алтанхуяг гишүүний хэлсэнчлэн хуулийг гууль болгож, хутга шөвөг болгож байгаа асуудлыг болиулъя гэж анх энэ хуулийг санаачилсан юм. Хууль батлахдаа бид алдаа хийсэн. Ард түмний нэрийн өмнөөс албан тушаал хашихдаа тэдний мөнгийг хууль бусаар зарцуулсан хүмүүсийг өршөөхөөр болчихсон. Энэ асуудал дээр хичнээн их хэрэлдэв бид.

Авлига гэдэг үзэгдэл зөвхөн хээл хахууль авах биш юм. Таван шинж ардаа агуулдаг. Хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан авах, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, хууль бусаар хөрөнгөжих гэсэн багц асуудлыг ардаа дагуулдаг юм. Энэ хориг дотор харин эдийн засгийн гэмт хэрэг байна. Эдийн засгийн гэмт хэрэг дээр Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан юм бол гэж гайхаад сууж байна. Харин ардчилсан намын сонгуулийн хөтөлбөр бол авлигатай тэмцэх. Тиймээс эдийн засгийн гэмт хэргүүдээ өршөөгөөд авлигачдыг өршөөхгүйгээр хуулийг батлах ёстой.


14.53:

76-г өршөөлд хамруулахгүй байх санал гаргав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэг эхлэнгүүт УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын 76 гишүүнийг өршөөлд хамруулахгүй байхаар хуулиа баталъя гэх санал гаргав. Энэ тухай тэрээр “Зуны зусан УИХ Өршөөлийн хууль ярилаа, гараас гардаггүй. Өршөөлийн хуулиа удаалгүй түргэн батлах ёстой. Нэг юмыг нэмж баталъя, УИХ-ын 76 идэж уучихаад түүнийгээ цайруулахын тулд хууль батлах нь гэж ярьж байна. Энэ хуулийг баталдгаараа баталъя, 76 гишүүнд аль нэг заалт нь хамаарахгүй гэдэг хуулийг баталъя” гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд: Зүйтэй санал байна, техникийн хувьд яаж оруулах вэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой, гишүүд бүгд сууж байна. Хуралдахад асуудалгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Л.Цог гишүүн ийм санал гаргаж байсан санагдах юм.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Миний санал протколд байгаа байх. Хамгийн гол нь би энэ асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуультай холбогдуулж саналаа хэлж байсан. Түүнтэй хамааруулсан бол их хэрэгтэй байсан. Алийн болгон хойш нь тавих вэ, суллагдахаар энэ хуулийг хүлээж байгаа 2000 гаруй хүн бий. Нийгэм даяараа харж байхад УИХ нь тоглож буй юм шиг хуулийг хойшлуулах нь буруу. Нэмэлт оруулах бол байнгын хороо хуралдах нь зөв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зун гарсан Өршөөлийн хуулиар суллагдчихна гэж хүлээсэн иргэд олон бий. Бидний гол хэрүүл авлигачид, албан тушаалтныг өршөөх нь гэдэг хардалт үг хэллэгийг сөрөг хүчний зүгээс маш сайн гаргасан. Одоо нэн даруй Хууль зүйн байнгын хороо хуралдаад оруулаад ирэх ёстой. Өнөөдөртөө багтааж хуулиа гаргах ёстой. Баялаг бүтээгчдээ энэ гох дэгээнээс гаргах гэж байгаа гэдгээ мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: 76-г хамруулахгүй гэдэг юу гэсэн үг вэ, өршөөнө гэж дотроо шийдчихээд энэ 76-д хамаагүй гэж будилуулах хэрэггүй. Авлига албан тушаал хамруулахгүй гээд шийдчихэд л болно. Асуудал дуусна. Дахиж байнгын хороо хуралдуулж будилаантуулах хэрэггүй. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд байгаа, тэр өршөөлд хамрагдахаар болчихвол яах вэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүй гэдэг нь буруу. Захиргааны 19800 албан тушаалтан байгаа, дээр нь улстөрийн албан тушаалтан 1600 байгаа, энэ хүмүүсийг өршөөх юм уу. Ард иргэд таван заалтыг асуугаад байгаа. Хээл хахууль авсан хүнийг өршөөх юм уу, албан тушаалаа урвуулан ашигласныг өршөөх юм уу, хууль бусаар хөрөнгөжсөнийг өршөөх юм уу, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хүмүүсийг өршөөх юм уу. Энэ тав орохгүй юм, хамрагдахгүй юм гэдэг хариултыг өгөөч.

УИХ-ын дарга З.Энхболд: Дарах кнопноос хамаарна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Өршөөлийн хуулийг батлахад авлигын эсрэг олон улсын конвенцийн үзэл санаа зөрчигдсөн, тийм учраас одоо засах гэж байна. Авлига албан тушаалын хэрэг, хүн алсан гэмт хэрэг, 76 гишүүнийг хамруулж, намайг алуурчинтай зүйрлэж яриад байна. Өөрснийгөө далдуур доош нь хийсэн зарчмын саналаа болиод батлах ёстой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье гэлээ.

Хууль зүйн байнгын хорооноос Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр санал хураах ажил үргэлжилж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Манай Хууль зүйн байнгын хорооны гишүүд будилж байна. Ерөнхийлөгчийн хоригийн агуулга бол долоон зүйл ангийг өршөөлд хамруулахгүй, дөрвөн зүйл ангийн хоёр жилийн дараа өршөөлд хамруулах тухай шүү дээ. Энэ долоон зүйл заалтыг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй, энэ дээр санал хураалт явуулна. Өршөөлийн хууль батлагдаад яагаад хэрэгжээгүй юм бэ гэвэл МАН долоон өдөр завсарлага авсан” Шударга ёс эвсэл” 13 хоногоор хоёр удаа завсарлага авсан. Ардчилсан нам нэг ч удаа завсарлага аваагүй шүү.

З.Баянсэлэнгэ: Хууль зүйн байнгын хороо санаатайгаар алдаа гаргасан. Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамрагдана асуудлыг санаатайгаар хассан шүү. Энэ асуудлыг одоо нэмж оруулж санал хураамаар байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Одоо нэмэлт заалтаар санал хураах боломжгүй. Одоо нэгдүгээр заалтаар санал хураана.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна