Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 10 сарын 29

Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1 778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр, “Эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа ч бид нийслэлийнхээ ойг олон бүтээн байгуулалтаар угтаж байгааг хэлэхэд таатай байна. Энэ жил  Шадивлан-Хандгайт чиглэлийн зуслангийн 16,4 км замыг маш богино хугацаанд хийж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Мөн Гачууртын замыг өргөтгөн шинэчилж, заслаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дулаан хангамжид маш чухал үүрэгтэй Энхтайвны өргөн чөлөөний дулаан хангамжийн шугамыг сайжруулж, замыг нь 2 сар хүрэхгүй хугацаанд шинэчлэн ашиглалтад орууллаа.Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлсэн, Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр боловсруулсан гээд олон ажлыг бид бүхэн амжууллаа. Нийслэл хот өнгөө засаж, тохижилтын ажилд маш их ахиц гарлаа. Хамгийн гол нь төсвөөр хийдэг байсан тохижилтын ажлыг энэ жил аж ахуйн нэгжүүд, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажил хийж нийслэлчүүдэд бэлэг барьлаа. Энэ мэт нийслэлчүүд бид нийслэлийнхээ ойг бүтээн байгуулалт, ажил үйлсээрээ бахархан тэмдэглэж байна” гэсэн юм. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Улаанбаатарын магтаал” хайллаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна