Нийслэлчүүд баярлаж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд баярлаж байна

 

Өнөөдөр Улаанбаатар хот 376 нас хүрч, нийслэлчүүд төрсөн өдрөө тэмдэглэж байна. Жил бүр энэ өдөр нийслэлчүүд, хотынхоо анхны шавыг тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлдэг уламжлалтай. Түүхийг сөхвөл одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг болсон юм. Мөн Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг юм. Энэ жилийн тухайд нийслэлийн баярын жагсаалыг хувийн хэвшлийнхэнтэй нийлж, зохион байгуулсан нь шинэлэг байлаа.  

Замын түгжрэл, хальтиргаа зам, агаарын бохирдол зэрэг нийслэлчүүдийг хөмсөг зангидахад хүргэдэг олон бэрхшээл бий. Тэгвэл өнөөдөр иргэд хэсэгхэн хугацаанд ч гэсэн бие биедээ инээмсэглэл бэлэглэж, хотын төрсөн өдрөө хөгжилдөн тэмдэглэв. Хотын гудамж дахь иргэдийн инээмсэглэх шалтгаан нь ердөө баярын парад байлаа. 

Нийслэлчүүдэд эерэг уур амьсгалыг авчирсан баярын жагсаалыг цаашид ч  уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн баярын жагсаал Улсын их дэлгүүрээс эхэлж, Цэцэг төвийн уулзвараар эргэн Анкара гудамжаар үргэлжлэн явав. Энэхүү баярын жагсаалийг анх удаагаа иргэд болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, саналыг хотын удирдлагууд дэмжиж хамтран зохион байгуулсанаараа онцлог аж.

 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж