БЗД-ийн харьяат тэнэмэл иргэдийг бүртгэлжүүллээ

2015 оны 10 сарын 29

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэнэмэл иргэдийг цуглуулах, тэдгээрийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнүүчилж байгаа иргэнийд халуун усанд оруулан анхан шатны эрүүл мэндийн үзлэгт хамруулан бүрэн хувцаслаж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байранд зуучилж, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Халамжийн хэлтэс хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэв.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүрэгт цагдаагийн бүртгэлтэй, гэр оронгүй иргэдийн хөдөлгөөнт тоо 1500 хүрсэн гэнэ. Тиймээс орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, тэнэмэл иргэдгүй дүүрэг болохын төлөө Улаанбаатарын цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс хамтран энэхүү томоохон арга хэмжээг авч байгаа юм байна.

Өглөөний 5.00 цагаас цагдаагийн алба хаагчид, дүүргийн Тамгын газар, хорооны ажилтнуудын хамтарсан ажлын хэсгийн эхлүүлсэн ажлын хүрээнд нийт тэнэмэл 150 иргэнийг саатуулан 10, 12, 8 дугаар хороонд орших халуун усны газруудад хувиарлан усанд оруулан үсийг нь засч, анхан шатны эмнэлгийн үзлэгт хамруулсан байна. Мөн орон гэргүй тэнэмэл эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулан хүүхдүүдэд дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ.

Арга хэмжээний үеэр дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс хамтран ажил хийх эрмэлзэлтэй иргэдийн судалгааг гаргаж, ажлын байранд зуучиллаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна